Цар тахлын улмаас Японы Токио, Осака тэргүүтэй есөн мужид энэ сарын 31-ний өдөр хүртэл онцгой байдал тогтоогоод байгаа. Гэвч халдварын үзүүлэлтүүд дорвитой буурахгүй байгаа тул эрх баригчид онцгой байдлын дэглэмийг сунгах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн мэдээлснээр, Засгийн газар арга хэмжээнүүдийг сунгах эсэхийг шийдвэрлэхдээ халдварын үзүүлэлтүүдийг нарийвчлан судлах ажээ. Түүнчлэн Засгийн газрын зарим гишүүний хувьд есөн мужид тогтоосон онцгой байдлыг зургаадугаар сарын 20 хүртэл сунгах хэрэгтэй гэж үзэж байна.
Мөн өнөөдрөөс зүүн нутгийн Окинава мужид онцгой байдлын арга хэмжээнүүдийг мөрдөж эхэлж байгаа юм. Тус мужид бямба гарагт 231 хүнээс халдвар илэрснээр халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан өмнө нь бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгджээ.
Үүний зэрэгцээ онцгой байдал тогтоогоод байгаа хойд нутгийн Хоккайдо мужид халдварын тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан хамгийн олноор нэмэгдсэн байна. Иймээс бямба, ням гарагт их дэлгүүрийн өдөр тутмын хэрэгцээтэй зүйлс худалдаалдаг тасгуудаас бусдыг нь хаажээ.
Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн тоо 1303-т хүрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.