Д.Сумъяабазар: Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниудаа давуу байдалтай оролцуулна

2021-05-23
3 мин уншина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр барилга байгууламжийн зураг төсөл зохиогчийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр тун удахгүй УИХ-аар хэлэлцэх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг товчхон танилцуулаад “Хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн шинэтгэл хийнэ” гэлээ. Хууль батлагдаж эрх зүйн чадамжтай болсноор зураг төслийн компаниудтайгаа гэрээ, хэлэлцээр хийж, цаашид хамтарч ажиллах илүү том боломж бий болох юм. Мөн Улаанбаатар хотод ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Үүнийг Засгийн газраас дэмжиж жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон. Түүнчлэн Хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “УИХ, Засгийн газрын хэмжээнд нийслэлийг дэмжиж, санхүүжилтын асуудлыг шийдэж байгаа учраас хотын хөгжил, бүтээн байгуулалтыг та бүхний дэмжлэгтэйгээр хийж чадна гэж бодож байна. Ирэх жилүүдэд хийх зам, барилга, байгууламжийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниудаа давуу байдалтай оролцуулна” гэлээ. Мөн Улаанбаатар хотыг шинэ төлөвлөлт, шинэ өнгө төрхөөр орчин үеийн хот болгохын тулд өнөөдөр зураг төслийн компаниудтайгаа уулзаж, санал солилцож байгаагаа онцоллоо. Тэрбээр “Ашгийн төлөө явж болно. Гэхдээ ирээдүйгээ харж, зөв төлөвлөлт, зураг төсөл гаргаж ажиллах ёстой. Хариуцлагатай байх хэрэгтэй. Бид хамтдаа том бүтээн байгуулалт хийнэ. Ингэхийн тулд та бүхний мэдлэг, туршлага хэрэгтэй байна. Сэтгэлтэй, зүтгэлтэй, мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байна” гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга зам”-ын талаар товч танилцууллаа. Тэрбээр түгжрэл үүсгэдэг шалтгааныг танилцуулсан юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хүргэж өгөх, авах цагаар түгжрэл эрс нэмэгддэг байна. Мөн авто замын сүлжээний даац хэтэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 130 мянган автомашины илүүдэлтэй байгаа аж. Цаашлаад судалгаанд оролцсон иргэдийн 30 гаруй хувь нь автомашин худалдаж авна гэжээ. Хэрвээ энэ байдлаараа явбал дөрвөн жилийн дараа тэг зогсолт хийхээр байгаа аж. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд зам, барилга, байгууламжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэх юм.

Танилцуулгын дараа зураг төслийн компаниудын төлөөллүүд нийслэлийн удирдлагуудаас асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, “Бид нэгдэж ажиллахгүй бол энэ том төслүүдийг хийж чадахгүй. Өмнө нь метро, BRT төслийг хийчихсэн бол өнөөдөр түгжрэлийн асуудлаа шийдчихсэн байх байсан. Гэтэл өнөөдөр өөр, өөр төслүүд ярьсаар байна. Тэгэхээр одоо л том төслүүдээ явуулж хамтарч түгжрэлийн асуудлаа шийдэх ёстой” гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн ГБЭТ ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, Гавьяат барилгачин Б.Эрхэмбаяр “Хотын дарга томоохон төслүүдийг хийх Ажлын хэсэг байгуулна гэж байна. Энэ маш зөв. Мөн том төсөл хэрэгжих гэж байгаа байршлуудын газрын асуудлыг маш тодорхой болгох ёстой. Газар чөлөөлөлтийг сайн хийх хэрэгтэй. Бид хотынхоо төлөө хичээл, зүтгэл гаргаж ажиллана. Хамгийн гол нь хотын захиргаан дээр Ажлын хэсгээ зангидаж ажиллах ёстой шүү” гэлээ.

Харин Хотын дарга дулааны шугам сүлжээ, зам, барилга байгууламжийн ажил хийхийн тулд газар чөлөөлөлт хийх шаардлагатай байгаа. Энэ ажлыг хийхгүйгээр том бүтээн байгуулалт хийнэ гэж байхгүй. Гэхдээ хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийг хийнэ. Хүний газрыг булааж авч болохгүй. Ингэхийн тулд маш их өртөг гарахаар байна” гэсэн юм. Мөн “Том бүтээн байгуулалт хийх төслүүд дээрээ дотоодын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой. Дотоодын зөвлөх компаниудыг бүртгэж, сайн компаниудыг шалгаруулж, бодлогоор дэмжиж ажиллавал маш том хүч байгаа” гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн Хотын дарга анх удаа зураг төслийн компаниудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаад талархал илэрхийлж байсан юм.

Хотын дарга дотоодын зөвлөх компаниудын үнэ цэнийг өсгөх, чадамжийг нь нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Том төслүүдэд бүгд хүртээмжтэй байдлаар оролцоно. Маш их ажил байгаа. Ажлын хэсэгт төлөөллүүдийг оролцуулна” гэсэн юм. Тус уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэллээ. Тэрбээр “Бидэнд ярих асуудал их байна. Технологи, шийдэл, норм, стандартыг өөрчлөх шаардлагатай. Одоо хууль, эрх зүйгээ хамтдаа өөрчилнө. Мөн газар хөдлөлт их болж байна. Туул гол дагуу өндөр барилга барих нь зөв үү, буруу юу гээд ярих асуудал их байгаа. Газар хөдлөлтийн асуудал маш их байна. Энэ талаар Японы талтай яриа, хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Би Улаанбаатар хотоо санхүүгийн төв байгаасай гэж боддог. Бид санхүүгийн эрх чөлөөтэй хот болбол барилга, байгууламжаас эхлээд аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр бүх ажлаа хийж чадна. Бид бүхний оролцоо, хамтын шийдэл, хамтын хүч Улаанбаатар хотод өнгө нэмнэ. Засаг даргын хувьд үндэсний компаниудаа бүх талаар нь дэмжинэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Орчуулах »
error: Content is protected !!