Европын улсууд руу одоогоор Австрали, Израил, Сингапур зэрэг долоон орны иргэд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран зорчих эрхтэй байгаа. Тэгвэл Евро комиссоос гаргасан гуравдагч орны жуулчдыг хүлээн авах шинэ журмыг Европын холбооны орнуудын төлөөлөгч нар зөвшөөрчээ. Ингэснээр аялал жуулчлалын улиралд Европын холбоонд очсон жуулчид хатуу хөл хорионд орохгүй аж.
Тэгвэл энэ зун Европын холбооны улсууд Евро комиссоос хүлээн зөвшөөрсөн вакцин хийлгэсэн жуулчдыг нэвтрүүлж эхлэх хүсэлтэй байна. Одоогоор BioNtech/Pfizer, AstraZeneca, Moderna болон Johnson & Johnson компаниудын вакциныг хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин Хятадын Sinovac болон Оросын Спутник V вакцинууд үнэлгээний шатандаа явж байгаа аж.
Европын Холбоо вакцин хийлгэсэн жуулчдыг хүлээн авахаас гадна ирэх сарын эхээр аюулгүй орнуудын жагсаалтад гаргах юм байна. Ингэснээр аюулгүй орнуудын жагсаалтад багтсан улсын жуулчид ч Европ руу нэвтрэх боломжтой болох юм.