Үндэсний бөхийн холбоо шүүхэд хандана

Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-г тойрсон олон жилийн толхилцол, талцал хуваагдлыг таслан зогсоохын төлөө хоёр холбоо ойлголцлын тодорхой түвшинд хүрч хамтран ажиллаж буй энэ үед МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжавын тэргүүлж буй МҮБХ дангаар хуралдаж энэ сарын 29-ний өдөр Ээлжит бус Их Эеийг зарласанд харамсаж байна.

Хэдийгээр Ц.Магалжавын тэргүүлж буй МҮБХ гэгч нь хууль бус боловч тэнд бөхийн төлөөлөл байгаа учраас бид хүндэлж ирсэн бөгөөд нийт бөхчүүдийн эрх ашгийн үүднээс хамтран ажиллахыг эрмэлзсээр буйг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдсан МҮБХ-ны Ээлжит бус Их Эеэс байгуулагдсан албан ёсны МҮБХ нь Л.Чинбат тэргүүнтэй холбоо мөн болно. Тиймээс тус холбоо дангаараа Их Эеийг зарлан хуралдуулах эрх зүйн боломжтой боловч үүсч буй нөхцөл байдалд ул суурьтай ухаалаг хандахыг чухалчилж хууль, дүрмийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг эрхэм болгож эв эеийг эрхэмлэсэн алхмыг хийж ирснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал Улсын бүртгэлд бүртгэгдсэн тамга тэмдэгийг түр ашиглуулахаар шилжүүлж, Их Эеийг хамтран хуралдуулах саналыг удаа дараа тавьж бодит алхмуудыг хийж ирсэн билээ.

Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг үл хэрэгжүүлж хууль завхруулж ирсэн өмнөх бусармаг явдлыг давтаж, бөхчүүдийн эрх ашгийг уландаа гишгэж, талцал хуваагдлыг дахин дэвэргэж буй хэсэг бүлэг хүмүүс МҮБХ-ны нэрийг барьж дангаар хүч түрэн Их Эеийг зарласан нь зохих түвшинд зөвшилцөлд хүрсэн нэгдмэл байр суурийг нурааж нийт бөхчүүдийн нийтлэг эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Бидний зүгээс МҮБХ хамтарсан Их Эеийг зохион байгуулж талцал хуваагдлыг дүрмийн хүрээнд шийдвэрлэх саналаа үүгээр дахин хүргүүлж байна. Хэрвээ МҮБХ-ны Их Эеийг хамтран хуралдуулахаас татгалзаж бөхийн холбоог олон жилийн турш талцал мэтгэлцээний туйлд хүргэсэн бусармаг байдлыг дахин давтаж эрх зүйн чадамжгүй Их Эеийг дангаар хуралдуулах аваас нийт бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд хандахаа үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2021 оны тавдугаар сарын 19

Орчуулах »
error: Content is protected !!