Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганд үг хэлэхдээ:
– Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангана
– Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн жам ёсны урсгалтай уялдуулж шинээр зохион байгуулна
– Хотын төвлөрлийг багасгах цогц арга хэмжээ авна
– Нийтийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэнэ
– Хүн амын тал нь оршин сууж байгаа хотын асуудлыг нийслэлийн удирдлагуудад даатгаж орхихгүй, нийслэлчүүдтэйгээ хамт байж, сэтгэл гарган хамтран ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм. Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр явууллаа.
Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар тухайн салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхыг сайд Б.Жавхланд даалгав. Түгжрэлийг бууруулах, нийтийн тэврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах гэрээ, хэлэлцээр байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Дээрх хөрөнгийг автозам, замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны зам барих, нийтийн тээврийн парк шинэчлэл зэрэг цогц арга хэмжээнд зарцуулах юм. Мөн багтаамж ихтэй, үр ашигтай байх нийтийн тээврийн шинэ төсөл, арга хэмжээг энэ онд боломжит эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
Нийслэл хот өнгөрсөн хоёрдугаар сард зургаан дүүргийн 400 орчим мянган хүний дунд судалгаа явуулахад 85 хувь нь “түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын танилцуулгаас үзвэл:
– Замын хөдөлгөөний хурд 13 км/цаг, оргил цагт 8.9 км/цаг, өөрөөр хэлбэл нэг км замыг дунджаар 10 минутад туулдаг
– Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй. 2010 онтой харьцуулахад гол замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн
– Иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг. Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ.
Хотын даргын хэлснээр хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд, зам байгууламж болон зорчих хөдөлгөөн хамгийн муу буюу сүйрлийн түвшинд байна.
Нийслэл хот багтаамж ихтэй нийтийн тээвэр, суурь дэд бүтэц, замын сүлжээг нэмэх, дагуул хот, дэд төвийг хөгжүүлэх, цэцэрлэг, сургууль болон “Богдхан төмөр зам” барьж хэт ачааллыг бууруулах бодлого боловсруулжээ.
Ялангуяа багтаамж ихтэй нийтийн тээвэр нэвтрүүлэх, паркийг нь шинэчлэх, замын дэд бүтцийг сайжруулах, автомашины зогсоол нэмэх нь нэн тэргүүнд хийх ёстой ажил гэж үзэж байна.
2024 он гэхэд байгальд ээлтэй 500-1,000 автобус үйлчилгээнд гаргаж, 290 буудлыг шинэчлэн, 5,000 автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөсөн. Мөн гол гудамж зам, тойрог замын сүлжээ, хороолол дундах холбоос зам, зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүр, 98 км явган, 249 км дугуйн замыг шинээр барьж, өргөтгөж, шинэчлэх юм. Цогц арга хэмжээ авснаар 2024 он гэхэд түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт тавиад байна.