Он гарсаар ой, хээрийн түймрийн улмаас байгальд 1,1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2021-05-17
1 min read

Он гарсаар 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 15 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.

  Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 473,3 /га/, хээрийн 81099 /га/ нийт 81,572,3 /га/ талбай өртөж, байгаль, экологид 1,1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 197 хяналтын цэгт Онцгой, Цагдаа, Байгаль орчны газрын 948 алба хаагч, 81 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сард агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудад ой, хээрийн гал түймэр гарах аюултай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймгууд ой, хээрийн гал түймэр гарах дунд зэрэг, Дорнод аймгийн төв болон хойд хэсэг, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр ой, хээрийн гал түймэр гарах бага зэргийн аюултай. Нийт нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй байна.

Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Орчуулах »
error: Content is protected !!