НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны гишүүд дэмжжээ

2021-05-12
1 min read

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2021.05.11) хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 14 хувь буюу тус бүрдээ 7 хувь байсныг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан хуулиар өөрчилж, 19 хувь буюу тус бүрдээ 9.5 хувь болгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал,  Ажил олгогч болон даатгуулагчид санхүүгийн шууд дарамт үүсгэхгүй байх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр хуулийн төсөл тусгасан байсан. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьснаар 2021 онд мөрдөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 9.5 хувийг Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2021 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулж, 2020 онд 8.5 хувь хэвээр мөрдөж байжээ.

Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.

Орчуулах »
error: Content is protected !!