Хөдөлмөрийн цахим яармаг үргэлжилж байна

2021-05-11
1 min read

“ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ”  зорилтын хүрээнд “ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА-ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ-2021” арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Эйч Ар Клуб ТББ хамтран тавдугаар сарын 8-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү хөдөлмөрийн цахим яармаг нь  Цар тахлын эсрэг хамтдаа-Зохистой хөдөлмөр эрхлэлтХаламжаас хөдөлмөрт дэд сэдвүүдийн хүрээнд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан www.expomongolia.org платформоор дамжуулан виртуал талбарт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тус арга хэмжээний хүрээнд ажил хайгч иргэд, оюутан, залуучууд, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, цахим хурлууд, 150 гаруй ажил олгогч байгууллагын 2000 гаруй ажлын байрны мэдээ, мэдээллүүдийг нэг дороос хүргэж байна. Цахим платформоор дамжуулан ажил хайгч иргэд болон ажил олгогчид цахимаар цаг товлон, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах боломжтой.

Хөдөлмөрийн цахим яармаг нь хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, цар тахлын сөрөг нөлөөллийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах зэрэг агуулгын хүрээнд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу цахим хурлуудыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний үеэр www.expomongolia.org/careerexpo платформд нийт 3380, цахим хурлыг 650 гаруй, шууд дамжуулалтыг “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар” фэйсбүүк хуудсаар 4700 хүн үзлээ.

Хөдөлмөрийн цахим яармаг энэ сарын 24-нийг дуустал үргэлжилж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх олон сонирхолтой мэдээлэл, видео контент, хэлэлцүүлгүүдийг шууд дамжуулан иргэд, олон нийтэд хүргэх, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах тул ажил хайгч иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар

Утас: +976 91011896, 96101896

Facebook хуудас: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!