Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах энэ өдрүүдэд Японы Токио хотноо ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр “Токио-2020” зуны олимпийн зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Мори Ёширогийн хамт Хэвлэлийн бага хурал хийж, зайлшгүй авах ёстой зарим чухал ажлаа танилцуулсан байна.
Тодруулбал, ирэх онд “КОВИД-19” цар тахлын эсрэг вакцин авах боломж олдвол олимпод оролцох баг тамирчдад хийх зардалыг ОУОХ хариуцаж болох юм гэж мэдэгджээ. Гэхдээ тамирчдыг заавал вакцин хийлгэ гэж шаардахгүй. Сайн дурын үндсэн дээр гэдгийг онцолсон байна.
Мөн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах Япон улсын ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай уулзаж, “Токио-2020” олимпийн наадмыг хамтран амжилттай зохион байгууллах болно гэжээ. Харин Японы ерөнхий сайд Ёшихидэ Сүга “Ирэх онд олимпийн наадам нь хүн төрөлхтөн короновирусыг ялан дийлсний нотолгоо, түүнчлэн зүүн японы байгалийн гамшигаас дахин сэргэн боссоныг дэлхий нийтэд түгээх олимп болно. Олимпийг гол үзэгчтэй зохион байгуулахаар олон талаас бодолцон, бэлтгэлээ базааж байна” гэжээ.