Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Сүүлийн өдрүүдэд Засгийн газраас вакцинжуулалтад онцгой анхаарч байгаа. Вакцин ч хангалттай татан авсан. Гэтэл иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвхи суларч байна. Хамгийн идэвхитэй үедээ өдөрт 60 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байсан бол өчигдрөөс эхлэн 40 мянга болж буурлаа. Хэдийгээр вакцин сайн дурын зүйл болов өнөөдрийн нөхцөл байдалд хүн бүрийн хариуцлага болоод байна. Тиймээс бид вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдэд тодорхой албадлагын арга хэмжээ авахаар боллоо. Харин хамрагдсан иргэддээ урамшууллын арга хэмжээ авна. Улаанбаатар хотод хүнсний талон авдаг 47 мянган насанд хүрсэн иргэн байгаагаас өчигдрийн байдлаар 29 мянга нь вакцины ганц ч тундаа хамрагдаагүй байна. Мөн Улаанбаатар хотод ямар нэг халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 мянга нь дархлаажуулалтадаа хамрагдаагүй явж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн бүх төрлийн халамж, хүнсний талон зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээг зөвхөн дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд олгохоор боллоо. Харин дархлаажуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгохоор болж байна” гэлээ.