Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар, өргөтгөсөн хэлбэрээр явагдлаа. Шуурхай зөвлөгөөнөөр 7 хоногийн ажлын тайлан мэдээллээ солилцон, төлөвлөсөн, тулгамдсан ажлуудаа хэлэлцэж зөвлөлддөг уламжлалтай. Тайлант хугацаанд ХАБЭА-н асуудлаар ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан байна. Ажилчид коронавирусийн шинжилгээ өгсөн бол шинжилгээний хариу гараагүй тохиолдолд ажилдаа ирж болохгүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-хэлтсээс анхааруулж байна. https:/eruul.gerege.mn/ хаягаар орж регистрийн дугаараа бичиж шинжилгээний хариугаа заавал харах ёстой. Хариу гарсан тохиолдолд ажилдаа орно гэдгийг ХАБЭАХ-ийн дарга цех нэгжийн удирдлагуудад мэдээллээ.
Үйлдвэрлэлийн хэлтсээс сар хаалтын хурлын мэдээллийг шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлж, 4-р сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 90.2-133.2 хүртэл хувиар биелүүлсэн тухай мэдээллийг өглөө. Түүнчлэн жилд нэг удаа тасралтгүй үйл ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийг зогсоож “Их зогсолт” хийдэг. Их зогсолтын бэлтгэл ажлыг хангах ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
“Бид цар тахлын амаргүй цаг үед ажиллаж байна. Итгэлцэл дээр тулгуурлан ажиллахыг эрхэмлэдэг тул хүн бүр хариуцлагаа өндөржүүлэн ажиллах ёстой” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн удирдлагуудаараа дамжуулан нийт ажилчдад хүргэлээ. Оны эхний дөрвөн сарын бөйдлаар үйлдвэрлэл, санхүү эдийн засгийн хувьд сайн ажиллалаа. Ингэснээр оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ бүрэн биелүүлэх боломж бүрдэж байна. Төлөвлөгөөт даалгавраа амжилттай биелүүлэн ажиллаж байгаа үйлдвэрийнхээ нийт хамт олондоо баяр хүргэе” гэж Ерөнхий захирал шуурхай зөвлөгөөний үеэр нийт ажилчдадаа талархал дэвшүүллээ.
Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ус хангамжийн цех зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Цехүүд хавар, зуны бэлтгэл ажлуудаа төлөвлөгөөний дагуу хийж, ажилчдаа вакцинжуулалтад хамруулан, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн, зөрчил дутагдалгүй, аюулгүй зөв ажиллаж байгаа тухай мэдээллээ. Энэ онд үйлдвэрийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөрүүд, өргөтгөл шинэчлэлийн ажлуудаас Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, Ус хангамжийн цехэд хийгдэж байгаа Цэвэр усны гуравдугаар шугамыг барих ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Үйлдвэрийн Эрчим хүчний хэлтэс, Механикийн хэлтсээс эдгээр ажилд хяналт тавин ажиллаж байна.
Эдийн засгийн хэлтсээс бүтцийн нэгжүүдийн оны эхний улирлын ажлын тайланг цахимаар авч үнэлж, дүгнэсэн байна. Бүтцийн нэгжүүд бүгд “хангалттай” үнэлэгджээ.
“Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хөдөлмөр зохицуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. “Уурхайчин-1″ орон сууцны хоёр блокыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр бэлтгэл ажилдаа ороод байна, бусад орон сууцны хорооллуудыг барьж байгуулах ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн нийт ажилчид, гэрээт ажилчдын 99 хувь нь вакцинжуулалтын эхний тунд хамрагдсан бол 2-р тунд нийт ажилчдын 70 орчим хувь нь хамрагдаад байна” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр мэдээллээ.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас 47 хүн коронавирусийн халдвар аваад байгаа. Өнөөдрийн байдлаар 20 нь эдгэрсэн, бусад нь эмчлүүлж байна. Дархлаажуулалтын нэгдүгээр тунд 7589, хоёрдугаар тунд 4888 ажилчин хамрагджээ. Энэ 7 хоногоос уурхайчдаар овоглосон гэр бүлийн гишүүдийг дархлаажуулах ажил эхлэх юм байна.
“Оны эхний 4 сарын байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд биелсэн үзүүлэлттэй байна. Он дуустал нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр төлөвлөгөөт ажил зохион байгуулж ажиллана. Цаашид бүтцийн нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарах хэрэгтэй байна. Ажилчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулах ажлыг эрчимжүүлж, урьдын адил хэвийн горимоор ажиллуулахад анхаараарай” гэж Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хэлснээр шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.