Үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлсэн

2021-05-04
1 min read

Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн 4 дүгээр сар болон оны эхний дөрвөн сарын байдлаар үйлдвэрлэлийн ажлаа дүгнэлээ. Энэ хугацаанд үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Уурхайчид 4 сард 2256 мянган метр куб уулын цул гаргаж, 1130 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэв. Ингэснээр оны эхний дөрвөн сарын байдлаар  уулын цул гаргалтыг  9053 мянган метр куб,  хөрс хуулалтыг 4425 мянган метр кубд хүргэж, төлөвлөгөөг 100.9-101.7 хувиар биелүүллээ. Өнгөрсөн сард 2869 мянган тонн буюу эхний дөрвөн сарын нийт гүйцэтгэлээр  11801 мянган тонн хүдэр олборлож, Баяжуулах үйлдвэрт 10686 мянган тонн хүдэр өгсөн байна. Эдгээр үзүүлэлт 100-100.2 хувиар биелсэн дүнтэй байна.  

      Харин баяжуулагчид 4 сард 2736 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.4 хувиар, оны эхнээс  нийт 10738 мянган тонн хүдэр боловсруулан, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100.4 хувиар тус тус биелүүлэв. Хүдэр дэх зэс молибденийн агуулга эхний 4 сард 101.5-127.5 хувиар, зэс молибденийн металл авалтын төлөвлөгөө  100.1-112.3 хувиар давж биелсэн байна. Баяжуулах үйлдвэр,  4 дүгээр сард 49440 тонн зэсийн баяжмал, 570 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэсэн бол оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 189394.3 тонн зэсийн баяжмал, 2116.2 молибденийн баяжмал гарган авсан байна. Энэ үзүүлэлтийн төлөвлөгөө 102.2-138.7 хувиар биелжээ. Уурхайчид оны эхнээс 188117 тонн зэсийн баяжмал, 1993 тонн молибденийн баяжмал ачуулан, төлөвлөгөөгөө 101.5-130.6 хувиар,  ачигдсан зэс, молибденийн металл авалтын төлөвлөгөөг  101.4-135.8 хувиар тус тус биелүүлэв. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 102.2 хувиар, молибденийн баяжмалын чанарын төлөвлөгөө 104 хувийн биелэлттэй гарчээ. 

     Улс орны хэмжээнд цар тахлын тархалттай тэмцэж буй хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон халдвар хамгааллын дэглэм баримтлан, өндөр зохион байгуулалттай ажилласнаар үйлдвэрлэл хэвийн жигд, төлөвлөгөөт үзүүлэлт амжилттай биелж байна гэж тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ. 

Орчуулах »
error: Content is protected !!