Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас АНУ-ын “Moderna” компанийн үйлдвэрлэсэн “Covid-19”-ийн эсрэг вакцинд яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгосон байна. Хоёр тунт энэ вакцин нь Covid-19-ийн эсрэг 94 хувийн дархлаа тогтоодог нь туршилтаар нотлогдоод байгаа.
Уг вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан тав дахь вакцин болж байна. Үүнээс өмнө нь “Pfizer/BioNTech”, “AstraZeneca”, “Serum” хүрээлэн, “Johnson & Johnson”-ы вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгосон билээ.
“Moderna” компанийн вакциныг ДЭМБ бүртгэхээс өмнө АНУ, Канад тэргүүтэй хэд хэдэн орон уг вакциныг бүртгэн хэрэглэж эхлээд байгаа юм. Энэ вакцин нь 2-8 хэмд 30 хүртэлх хоног хадгалах боломжтой, хадгалалт тээвэрлэлтийн онцгой горим шаардагдахгүй гэдгээрээ давуу талтай.