Европт “COVID-19” халдварын өнгөрсөн долоо хоногт илэрсэн шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа буурсан дүн үзүүллээ хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн асуудал хариуцсан дарга Ханс Клюге пүрэв гарагт мэдээлсэн байна.
Х.Клюгийн хэлснээр, энэ нь сайн мэдээ боловч хэд хэдэн бүсэд халдварын үзүүлэлтүүд өндөр байгаа тул халдвар аюул учруулахуйц хэвээр байна. Мөн халдвар хамгааллын арга хэмжээнүүд нь цаашдын нөхцөл байдлыг тодорхойлоход чухал хүчин зүйл хэвээр байгаа ажээ. Иймээс “COVID-19”-ийн вакцинжуулалтыг нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүдтэй хослуулснаар хэвийн амьдралдаа эргэн орох нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Европт өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн болон нас барсан тохиолдлын тоо ч мөн буурчээ. Үүний зэрэгцээ энэ сарын 29-ний байдлаар Европын хүн амын 7 хувийг бүрэн вакцинжуулсан нь “COVID-19”-өөр халдварласан иргэдийн тоон үзүүлэлтийг /5.5 хувь/ давжээ.