А.Загитова телевизийн хөтлөгч боллоо

Уран гулгалтын түүхэнд Олимп, тив, дэлхий гээд бүх тэмцээнд түрүүлсэн хоёрхон (эхнийх нь Ким Ю На) бүсгүйн нэг Алина Загитова ОХУ-ын төв телевиз “Первый канал”-ын “Ледниковый период” шоу нэвтрүүлгийг хөтөлдөг болжээ. 18-хан настай татар охин нэвтрүүлгийн өмнөх хөтлөгч Ирина Слуцкаягаас аргагүй туршлага дутуу нь илт байна. Гэхдээ Олимпийн мөнгө, хүрэл медальт Слуцкая 27 настайдаа зодог тайлсан, үүнийхээ дараа л шоу-бизнест хөл тавьсныг хэлэх нь зүйтэй байх. Пёнчаны Олимпийн наадамд түрүүлж, 2019 онд дэлхийн аварга болсон А.Загитова өнгөрсөн оны 12 сард их спортоос завсарлага авахаа зарлаж, спортын ертөнцийг цочирдуулсан. 17-хон насандаа гэнэтийн энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь өрсөлдөөн, тухайлбал, түүний багш Этери Тутберидзе-гийн дараагийн үеийн шавь нар болох А.Косторная, А.Щербакова, А.Трусова гурвыг ялах магадлал Алинад байсангүй. Өнөөдөр Оросын эмэгтэй уран гулгалтын өрсөлдөөн улам ширүүсч, Загитова өөрийн хамгийн хүнд үсрэлтийн каскад 3-Лутц, 3-Риттбергертэй дээрх гурваас гадна Е.Медведева, Е.Туктамышева, К.Валиева нарын урд гарах ч боломжгүй болсон. Тиймээс их спортод эргэн ирэх магадлал нь улам л багассаар байна. Мэдээж энэ түүний сая сая фэнүүдийн хувьд гунигтай мэдээ. Тайвшруулах ганц хүчин зүйл гэвэл тэд шүтээнээ ядаж “Первый канал”-ын “Ледниковый период” шоу нэвтрүүлгээр тогтмол мөсөн дээр харах боломжтой боллоо. Дашрамд хэлэхэд Загитовагийн хамт энэ шоуг 2002 оны Олимпийн аварга Алексей Ягудин хөтөлж, шүүгчдээр уран гулгалтын алдарт дасгалжуулагч Татьяна Тарасова болон тулгууртай харайлтын домог Елена Исинбаева нар ажиллаж байна. Харин оролцогчид нь тив дэлхийн медальт Оросын үе үеийн уран гулгагчид болон шоу-бизийн одод юм.

Орчуулах »
error: Content is protected !!