Г.Занданшатар “бэрс” гарч болзошгүй тул Ц.Анандбазар нь шавхуурдуулж байна

УИХ-д суудалтай намууд ирэх сарын 2-н гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна. Харамсалтай нь дотооддоо учраа ололгүй гэдсэндээ хөлөө жийлцсэн АН-ын шинэ дарга нарыг Дээд шүүх бүртгэсэнгүй.

АН-ыг ийнхүү хөл толгойгоо ч олохгүй хөглөрч явах зуурт МАН, МАХН сонгуульд нэгдэж орох асуудлаа хэлэлцэж байна. МАХН МАН-тай нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МАН-ыг тараах захирамж гарган Дээд шүүхэд хүргүүлсэн ч эрх баригчдын нам тарах эсэх яригдахаас өмнө Ерөнхийлөгчийн дөрөөлж өндийсөн Ардчилсан нам “тарчих” шиг боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд өнгөрсөн 4 жилийг өөрийн намаа эвдрэлцүүлэн хагаралдуулахад биш эвлэлдэн цул болоход нь анхаарсан бол өнөөдрийн “өнчин ишиг” шиг дүрд орчихгүй байх байв. Яг үнэндээ намаа эмхэлж чадаагүй хүнээс өөр юуг хийж чадна гэж хүлээх билээ.

Харин эрх баригч намын гал тогоонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МАН-ыг тараах захирамжийн талаар тоож авч хэлэлцэж байгаа хүн алга. Тэнд тарах бус ирэх сонгуульд цоо шинэ хүн сойж мэдэх огт ондоо яриа хөөрөө эрчээ авч байна.

Уг нь Ерөнхий сайдын суудлаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлд гарсан У.Хүрэлсүх, жил тойрон оффшорчноор дуудуулан чичлүүлж яваа Сү.Батболд нарын нэг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд улиг болтол хөвөрсөн. Гэтэл тэдний хэн хэн нь олон нийтийн дунд нэр хүндгүй, улам бүр хараалган чичлүүлж буй тул өөр кандидат байвал ямар вэ гэх хувилбар огцом орж ирж.

Тэр хувилбар нь УИХ-ын дарга Г.Занданшатар.

Намын дарга У.Хүрэлсүхийн үгнээс гардаггүй Г.Занданшатарт Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг ч бий. Баянхонгорынх гэх нутаг усаараа Ерөнхийлөгч Х.Баттулгатай нударга дотроо хөөрөг зөрүүлэн хөтлөлцөж явдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй.

Тэрбайтугай У.Хүрэлсүхийг Х.Баттулгатай холбоотой болоход Г.Занданшатар зуучилсан ч гэдэг. Улмаар хотын фракцаа унагаж, дотооддоо “дайн” дэгдээгээд намын даргаа Ерөнхий сайдын суудалтай “булааж” авахад хөөрхий Х.Баттулгын оруулсан хувь нэмрийг чамлахааргүй.

Тэдний энэ нандин харилцааны эхлэл, төгсгөл гээд бүх үеийн нь учгийг сүвлэж суусан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх нь Х.Баттулгын зүгээс зогсолтгүй нүүлгэж буй “чулуу”-наас хамгаалах хамгийн зөв хамгаалалт гэж үзэн санал оруулсан төдийгүй эрхэм спикер ч өөрөө таатай, горьдонгуй байгаа аж.

Уг нь ч Г.Занданшатарын хувьд У.Хүрэлсүхээс арвин улс төрийн түүх намтартай нэгэн. Төр нийгмийн зүтгэлэн С.Зориг амь насаа алдсаны маргааш нь буюу 1998.10.03-нд тухайн үеийн МАХН-д гишүүнээр элсэх хүсэлт гарган, улс төрд хөл тавьж байсан тэрбээр 2004 оны сонгуулиар Баянхонгор аймгаас УИХ-д нэр дэвшин ялалт байгуулж байсан. Намын энерциэр парламентад сууж үзэж байгаа У.Хүрэлсүхээ бодвол сонгогчдынхоо итгэл үнэмшлээр улиран сонгогдсон он жилүүд ч түүнийх.

Тэрбайтугай У.Хүрэлсүхийг Хадгаламж банкны мөнгөөр казинодсон гэх хэрэгт хутгалдан, гадаад дотоодгүй тэнүүчилж явахад тэрбээр намынхаа гал тогоонд “гурил” зуурч, генсэк хийн, улсын гадаад бодлогыг барилцаж явав.

У.Хүрэлсүхийн тодотголтой Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны үүх, түүхийг эхлүүлсэн хүн нь ч мөн чанартаа Г.Занданшатар юм. Топ, попуудыг бодвол улс төрийн ийм арвин туршлагатай түүнийг намын жинтэй улстөрчид нь ихэд үнэлдэг бөгөөд ам, ажлын алдаа гаргадаггүй, хийгүй, сонирхолтой фигур гэдэг.

Шатарт хорхойтой, яггүй тоглогч түүнд улстөрийн тавцанд бэрс гарах боломж ийм ойрхон.

Тиймээс л саяхан сэлэм эргүүлэлцэн чи би-дээ тулан шороо самралцаж байсан У.Хүрэлсүх, Х.Баттулга нар эргээд эргийн нэг талд гарч Г.Занданшатар руу хамаг хар технологийнхоо “чулууг” хамтдаа нүүлгэлцэн, боорлож эхэлсэн юм байх.

Улстөрд мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн нөхөрлөл, дайсагнал гэж байхгүйг тодхон харуулж буй У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын ший янгууны хүүхэлдэйнүүд Сү.Батболд руу чиглэсэн дайралтаа нэгэнт зогсоосон гэдгийг намын эх сурвалжууд хэлж байна.

Харин тэдний “салхины чиг” Г.Занданшатар руу эргэж, түүний хүн гэгддэг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарыг цахим орчинд өөдийн бараа харуулахгүй нүдэж, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр шавхуурдан байгаа нь учир мэдэх хэнд ч ойлгомжтой байгаа юм.

Орчуулах »
error: Content is protected !!