Орхон аймгийн цагдаагийн газрын ажилтнууд өнгөрөгч намар амарч зугаалж яваад 27-хон настай алба хаагч учир битүүлэг байдлаар амиа алдсан. Цагдаагийн албан хаагчдын нийт бие бүрэлдэхүүнийг хамруулдаг эрүүл мэндийн үзлэг төдийгүй нэр хүнд бүхий хувийн томоохон эмнэлэгт сайн дураар өгсөн нарийвчилсан шинжилгээгээр эрүүл гэж гарч байсан залуу “элэг, нойр булчирхайн хавсарсан архаг үрэвсэлтэй байсан бөгөөд цус харвалтын улмаас нас барсан” гэх онош тавигдсан байдаг.
Эл онош, задлан шинжилгээний хариуг үгүйсгэн зөвшөөрөөгүй ар гэрийн гомдлоор шүүх шинжилгээний бүрэлдэхүүнтэй үзлэг дахин хийгдсэн агаад энэ үзлэгээр толгойд мохоо, метал зүйлээр үүсгэгдэх гэмтэлтэй гэж гарсан.
Харамсалтай нь эл хэрэг цус харвалт гэх анхны оношоороо хаагдахдаа тулж байгаад хүүгийн ар гэр гомдолтой төдийгүй “хүн амины хэрэг” биш байгаа гэх хардлага төрүүлэх олон сэжигтэй зүйл бий талаар бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ.
Үнэхээр ч нас барсан цаг минут, дуудлага өгсөн гэх цаг хугацаа, ар гэрт буюу аав ээжид нь хэл дуулгаагүй зэрэг шалтгаанаас /2020.09.19-20нд шилжих шөнө тус амралтын газарт тог тасран, улмаар үүрэн телефоны бүх операторын сүлжээ тасалдсан гэж гэрчүүд хэлдэг/ эхлээд эргэлзээтэй зүйл дэндүү их.
Бид өмнөх нийтлэлийг бичсэнээс хойших хугацаанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суман дахь Амарбаясгалант хийдийн ойролцоо тухайн цаг минутад эрчим хүч үнэхээр тасалдсан уу, оператор компаниудын сүлжээ доголдсон эсэх зэрэг мэдээллийг тодруулаад байгаа.
Бидэнд олдсон мэдээллээр Амарбаясгалант хийд орчимд 2020.09.19-ний оройн 21:11 минутаас 2020.09.20-ны 01:24 минут хүртэл буюу нийт 4 цаг орчим тог тасарч, үүний улмаас оператор компаниудын сүлжээ тасалдсан байгаа юм. Тог тасрах үед үүрэн телефоны операторуудын өөрсдийн эрчим хүчний нөөцөөс шалтгаалан 10-20 минутын наана цаанатай тасарсан ч сүлжээ эргээд хэвийн болохдоо бүгд нэгэн зэрэг ажиллаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл бүх утасны сүлжээ 2020.09.20-ны 01:24:23 секундэд хэвийн болсон гэсэн үг.
Гэтэл ар гэрийнхнийг цаг тухайд нь дуудаагүй шалтгаанаа хамт байсан нөхөд эхэндээ олон янзаар тайлбарласан байдаг. Тухайлбал, “Цагдаад дуудлага өгөөд байж байтал сүлжээ тасарчихсан” гэх нэг тайлбар бий. Цагдаад дуудлага өгөөд л сүлжээ тасарсан юм бол хүү 19-ний оройн 21:11 минутаас өмнө буюу байгалийн гэгээ тасарчихаагүй байхад амиа алдсан болж таарна.
Харин дуудлага өгсөн гэх офицер нь шөнийн 00:57 минутын үед Цагдаагийн байгууллага руу залгасан гэж ар гэрт нь хэлсэн байдаг. Хэрэв энэ цаг минутаар тооцвол энэ үед үүрэн телефоны бүх сүлжээ тасалдаж хэнийх нь ч утас гадагш дотогш дуудлага хийх боломжгүй байсан гэсэн үг.
Тэгэхээр хүүгийн амиа алдсан цаг, ар гэрт нь тэр даруйд хэл өгөөгүй шалтгаан, эрчим хүч, сүлжээ тасалдсан цаг хормуудаас эхлээд энэ хэрэг сэжигтэй, хүн амины хэрэг биш байгаа гэж хардах хардлагыг төрүүлээд байгаа.
Нөгөөтэйгүүр хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурьдмагц тэвдэн сандардаг хэн нэгэн бас бий юм биш үү гэх хардах өнцгийг бид өмнөх нийтлэлдээ дурьдсан.
Энэ мэтчилэн эрүүл мэндийн шалтгаанаар гэхэд хэтэрхий өрөөсгөл, ар гэрийнх нь гомдол тайлагдаагүй нэгэн хэргийн талаар манай сайт бичиж, сурвалжилж, судалж байна.
Гэтэл зариг.мн сайтыг тус хэрэгтэй холбоотой мэдээ мэдээлэл тавихад мэдээллийн дорх сэтгэгдэл хэсэгт уйлан дуугарсан, элдвээр хэлсэн сэжиг бүхий сэтгэгдлүүд урссан байсантай адил манай сайтын нийтлэл бас хэн нэгнийг гомдоочихсон юм байх.
Гомдсон нөхөр цагдаад өргөдөл гаргасан бололтой. Талийгаач хүүгийн ар гэр сэтгүүлч бидэнтэй байнга холбоотой байгаа тул тэд бол биш. Тэгэхээр Орхоны цагдаагийн газраас “гомдсон” болов уу гэх таамаглалыг дэвшүүлж байна.
Харин гомдлын мөрөөр шалгах гэж дуудсан Цагдаагийн байгууллага нь ихээхэн сэжиг төрүүлснийг нуух юун.
Албаны биш, ямар нэг бүртгэлгүй хувийн дугаараас амралтын өдрөөр редакци руу биш сэтгүүлч рүү утастаад заавал ир гэж шахалт үзүүлэв. Нөгөө сэтгүүлч нь дуудсан хэрэгтэй нь холбоотой эсэхийг мэдэхгүй байж шүү дээ.
Ингэхдээ учир битүүлэг, бүртгэлгүй, хувийн дугаараас залгачихаад ямар асуудал, гомдол, хэргээр дуудаж байгаагаа хэлэхгүй нууцалж, автобусанд суугаад заавал ир, ирээд мэд хэмээн шаардах нь зүйд нийцэх үү, Ж.Болд дарга аа!!!
Техник технологи хурдтай хөгжиж, даяарчлагдахын хэрээр эрэн сурвалжлах чиглэлээр дагнан ажилладаг мэргэжлийн редакциуд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотойгоо хамтран ажиллаж, залгаж буй дугаарын алба амины гэдгийг дуудлага нь тасраагүй байхад л олоод мэдчих чадвартай болсон юм шүү дээ.
Хүн алаад, хүрээ тоночихсон биш. Яасан давчуу, ямар сүрхий дуудлага вэ… Цагдаагийн байгууллагын нэр хүндтэй холбоотой хэрэгт ийм түргэн шуурхай, ажил амралтын өдрөө ялгалгүй ажилладаг хэрэг үү.
Цар тахлын хатуу хөл хорионы үеэр байгууллага нь тодорхойлоогүй бол хэнийг ч гадуур гаргахгүй, ганц алхуулахгүй шалгаж байгааг бүгд мэднэ. Хатуу хөл хорионы дэглэм, журмын дагуу манай сайт ч нийт ажилтныхаа 10-15 хувийг л ажиллуулж байгаа.
Гэтэл хувийн, бүртгэлгүй дугаараас залгачихаад Дамбын эцэст дэх Цагдаагийн хэлтэст автобусанд чихэлдээд заавал ир гэж амралтын өдрөөр дуудсан дуудлагыг ойлгоход бэрх. Дуудлага хийсэн дугаар нь учир битүүлэг дугаар байсан тул утасны цаадах нөхрийн ам хэлийг сугалах шахам хоргоож байж дээрх хэрэгтэй холбоотой асуудлаар тайлбар авах гэж байгааг олж мэдэв.
Бүхэл бүтэн нэг халуун амь тасарч, ар гэр нь гомдолтой байхад тэр талаар бичсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах гээд явж байдаг хөгийн ч явдал бол?!
Тэгээд ч нийтлэлийг www.niigmiintoli.mn гэх албан ёсны редакцитай, хаяг, бүртгэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн байхад хувь сэтгүүлчийн гэрийн дугаар руу залган дуудсан нь ямар учиртай вэ. Яагаад байгууллагыг, байгууллагын нь редакторыг, тэгэхдээ ажлын цагаар дуудсангүй вэ…
Амралтын өдрөөр, тэр дундаа цар тахлын хатуу хөл хорионы дэглэм журам дундуур ямар учир шалтгааны улмаас гэдгээ хэлэхгүй байж заавал ирэхийг шаардсан утасны дугаар үнэхээр цагдаагийн байгууллагын утас мөн эсэх тодорхойгүй, бүртгэлгүй бөгөөд эл дугаараар үнэгүй.мн сайтад “Сэйф зарна” гэх ганц зар өгсөн байсан нь сэжигтэй байв.
Редакцид гомдсон гомдлыг редакцид нь ирүүлэхгүй, мөн редакцийн хаяг байршлаар харьяалагдах цагдаагийн байгууллагад нь өгөлгүй хаа хамааралгүй Дамбын эцэс дэх Цагдаагийн хэлтэс дээр дуудсан дуудлагын үнэн мөнд итгэж ядан удаан хоргоосны эцэст дээрх хэрэгт гомдсон хэн нэгний гомдлоор дуудаж байгаа гэх ганц өгүүлбэр олж сонссон.
Бид өмнөх нийтлэлээ Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа Ж.Болдод хаяглаж бичсэн. Гэхдээ Ж.Болд дарга гомдол гаргасан бол арай ч Дамбын эцэс дэх хэлтэс дээр дуудмааргүй л юм.