Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Таван булшны тал хэмээх газарт иргэд нь мэдээгүй байхад “Мон Ураниум Ресурс” компани нүүрсний хайгуул эхлүүлснээр иргэд эсэргүүцэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хорио цээрийн дэглэмтэй үед ч тус компани үйл ажиллагаагаа явуулсаар байна хэмээн нутгийн иргэд бидэнд хандлаа.
Иргэдийн болгоомжилж буй асуудал нь тус компани ураны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг атал “Нүүрсний орд ашиглах зөвшөөрөлтэй” гэж байгааг итгэхгүй байгаа гэв. Мөн хорио цээрийн дэглэм хэрэгжиж байхад уурхайн ажил зогсохгүй, олон хүн бужигнаж байгаа нь өвчин вирус тархах боломж олгох вий хэмээн айж байгаа гэв. Түүнчлэн “Мон Ураниум Ресурс” компани нь 70- 80 ажилчинтай. Хөл хорио тогтоосон үед ажиллаж байгаа нь ажилчдынхаа болон нутгийн иргэдийн эрхийг зөрчиж байгааг холбогдох байгууллагууд болон Засгийн газар анхааралдаа авах ёстой хэмээн иргэд ярьж байна.
“Монгол Ураниум Ресурс” компанийн талаарх мэдээллийг шүүж үзвэл 2010 оноос эхлэн ураны салбарт орж ирсэн. Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд-”Шувуун-Уул”талбайд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хэрмийн цагаан өндөр” талбайд, түүнчлэн Онгон, Наран, Дарьганга сумдын заагт “Хүйтэн уул нэрээр Алтан-Овооны ар, Дарьгангын байгалийн цогцолбор газарт тус, тус ураны хайгуулын зөвшөөрөл авсан байсан. Эрдэнэцагаан сумын нутагт авсан Хэрмийн цагаан өндөр талбайн ураны хайгуулын зөвшөөрлөө 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл сунгуулсан гэх мэдээлэл мөн гарч байсан. Өдгөө хөрс хуулалт хийж буй Эрдэнэцагаан сумын нутаг Таван булшны тал дахь MV-21459 тоот ураны хайгуулын талбайд 2019 оны есдүгээр сарын 9-нөөс 2049 оны мөн өдөр хүртэл 30 жилийн хугацаагаар нүүрс ашиглах зөвшөөрөл олгосныг нутгийн иргэд мэдээгүй. Лиценз олгох асуудлаар сум, багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлээгүй хэмээн эх сурвалжууд хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn