Коронавирусийн цар тахлын улмаас манай улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид бүх нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс хууль журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Эдгээр өдрүүдэд гудамж, зам дээр зогсон коронавирусийн хавьтал, халдвартай ч байж болох хүмүүстэй нүүр тулан ажиллаж байгаа хүмүүс бол цагдаа, дотоодын цэргийн албан хаагчид.Цагдаа нарын хувьд ажлын ачааллын хажуугаар даргадаа зэмлүүлж, номхон команданд зогсох нь мэр сэр гардаг гэх. Тэгвэл ийм нэгэн үйлд явдлын хажуугаар зүгээр өнгөрч чадаагүйгээ энд бичье.
Тодруулбал, энэ сарын 15-ны шөнө 23 цагийн үед СХД-ийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тавдугаар дугаар бааз”-ын урд талын замын уулзварт үүргээ гүйцэтгэж буй цагдаа дээр 0112 УАМ серийн дугаартай автомашин дотроос монхор хамартай өндөр шар нөхөр бууж ирэн “ажлаа олигтой хийгээч, п… минь, ална шүү чамайг, ажилгүй болгоно шүү” гэхчлэн олны нүдэн дээр элдвээр доромжилж саагив. Лавшруулж ажиглавал хараал тавьж, орилох нөхөр дарга нь бололтой. Улмаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Г.Эрдэнэсүх гэх нөхөр аж. Бидний олж авсан мэдээллээр Г.Эрдэнэсүх нь “Хурган дарга”-ын аархуу авир гаргаж, доод албан тушаалтнуудтайгаа дээрэнгүй, зүй буй харьцдаг гэх мэдээлэл байгаа юм.СХД-ийн дүүргийн Тавдугаар баазын урд талын замын уулзвар бол ачаалал ихтэй хэсэг. Тухайн цагт уг замын уулзвар дээр үүргээ гүйцэтгэж буй хоёр алба хаагч машин болгоныг зогсоон нэгд нэггүй шалгаж, ачаалал ихтэй ажиллаж байх үеэр ийн дарга нь таарч дарамтлахтай таарсан билээ. Хүйтэнд хайрагдаж, халуунд шатаж, нойр хоолоо хасан зүтгэж байгаа тэдний ажлыг хамгийн их ойлгох хүмүүс нь тухайн байгууллагын дарга, удирдлагууд байх ёстой. Харамсалтай нь Цагдаагийн байгууллагын дээд албан тушаалтай дарга нар доод албан тушаалтай албан хаагчидынхаа зовлонг ойлгодоггүй бололтой. Иргэдийн дунд ч цагдаагийн алба хаагчидтай дорд харьцах, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байх үзэгдэл энүүхэнд. Дотор нь ажиллаж байгаа дарга, албан тушаалтнууд нь ойлгохгүй, байхад иргэдийн хандлагыг ярих илүүц болов уу.
Бид энэ мэдээллээрээ Цагдаагийн байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндэнд халдах гэсэнгүй. Харин цагдаагийн байгууллагын шат шатны хурган дарга нар, удирдлагуудын сахилга, ёс зүйн байдлыг энэ сэдвээр хөндөх гэлээ.СХД-ийн Цагдаагийн хэлтсийн дарга Г.Эрдэнэсүх даргаа!!! Та өөрөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй хэдэн цаг ажиллад үз. Тэгвэл бусдын ажлын байдал, ачааллыг ойлгоно. Зам дээр үүргээ гүйцэтгэж буй цагдаа нарт дарамт багадаагүй байлтай. Тэдэнд үүрэг чиглэл өгч залах нь даргын үүрэг хэдий ч нохой шиг харьцаж, олны өмнө ёс бус үг хэллэг хэлэх нь дээд албан тушаалтан, ялангуяа Цагдаагийн байгууллагын дарга хүнд байх ёстой үйлдэл мөн үү. Энэ мэт олны өмнө албан тушаалаа ашиглан бусдыг дорд үзсэн албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ. Доод албан тушаалтнаа дорд үзэж, олны өмнө зүй бус үг хэллэг хэлсэн Г.Эрдэнэсүхэд хариуцлага тооцохыг ЦЕГ-ийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад хандаж хэлье!!!
Эх сурвалж: survalj.mn