Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /ASEAN/ Индонезийн нийслэл Жакарта хотноо энэ долоо хоногийн бямба гарагт болох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Энэхүү уулзалтын үеэр Мьянмарт үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэх ажээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Мьянмарын цэргийнхэн засгийн эрхийг аваад байгаа билээ. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэж эхэлснээс хойш 738 хүн амиа алдсан байна.
“ASEAN”-ы харилцан зөвшилцөх, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмууд нь гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хязгаарладаг боловч холбооны гишүүн орнуудын дийлэнх нь төрийн тэргүүнийхээ оронд төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Тухайлбал, дээд хэмжээний уулзалтад Тайландын Ерөнхий сайд Прают Чан-очагийн оронд Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дон Прамудвини оролцох ажээ. Мөн өөр хэд хэдэн орон Гадаад хэргийн сайд нараа илгээнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Мьянмарын цэргийн хунтын гишүүд уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа боловч хунтын тэргүүн Мин Аун Хлаин Жакартад ирнэ гэж Тайландын Засгийн газрын төлөөлөгч мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилжээ.