Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

2021-04-21
1 min read

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 102 тусгай дугаарт ирж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэлтэй танилцлаа. Энэ төрлийн дуудлага, мэдээллийг Орон зайн нэгдсэн мэдээллийн системд бүртгэж, ирсэн дуудлага бүрийн үнэн эсэхийг нягталж, шалгадаг болжээ. Хотын дарга гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Он гараад нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2.5 дахин нэмэгдсэн. 1700 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Энэ бүхэн дээр хэрэг нээж, ажиллаад явж байна” хэмээн танилцуулав. Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэртэй бус харилцаа. Үүнд мөн үүнд архи, согтууруулах ундаа нөлөөлдөг байна. Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон бүртгэгддэг аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Гэмт хэргийн гаралттай холбоотой мэдээллийг системд хурдан оруулж, удирдах албан тушаалтнуудад шуурхай мэдэгдэж, зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хотын хэмжээнд 35 мянган төрийн албан хаагч ажилладаг. Тэднээс мэргэжлийн хяналт, цагдаа, эмч гээд нийт 16 мянган албан хаагч нэгдүгээр шугамд ажиллаж байгаа. Нэг ч гэсэн иргэний эрүүл мэндийн хамгаалахын төлөө, нэг ч гэсэн хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүйн төлөө, согтуугаар тээврийн жолоодож өөрийн болон бусдын амь насанд халдах нөхцөл байдал гаргуулахгүйн төлөө бид ажиллаж байна” гэсэн юм.

102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн 100-150 дуудлага бүртгэгддэг. Тэгвэл хөл хорио тогтоосон эхний өдөр 182 дуудлага бүртгэгдсэн бол бусад өдөр 100-150, өчигдөр гэхэд 88 дуудлага бүртгэгджээ. Өмнөх хатуу хөл хорионы үеэр согтууруулах ундаа хориглоход гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 60-80 болж буурсан аж. Гэхдээ олон улсын жишгээр архи, согтууруулах ундааг хориглосноор гэмт хэргийн гаралт буурдаггүй, харин нэмэгдэх хандлага ажиглагддаг байна. Иймээс энэ удаагийн хөл хориогоор согтууруулах ундааг бүр мөсөн хорилгүй, 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглосон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Орчуулах »
error: Content is protected !!