Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы цахим өдөрлөг өнөөдөр боллоо.
Шинжлэх ухааныг сурталчлан, өөрсдийн шинжлэх ухааны нээлт, үр дүнгээ иргэд олон нийтэд хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар бүрийн 19-нд зохион байгуулж эхэллээ. Энэхүү өдөрлөг 11 дүгээр сарын 19 хүртэл үргэлжлэх бөгөөд хүрээлэнгүүд ээлжлэн зохион байгуулах юм.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Би хүрээлэнгийн ажилтай танилцсан. Орчин цагийн дэвшилтэд технологи болох байрлалд суурилсан хиймэл оюуны арга технологи, машин сургалт, их өгөгдөл зэргийг хөгжүүлж, вебд суурилсан газарзүй мэдээллийн систем, зайнаас тандан судлал, хиймэл дагуул, сансрын технологийн хэрэглээг нэмэгдүүлж, сансрын технологид суурилсан бүтээгдэхүүнээр монгол орны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг тандан судлах, байнгын мониторинг хийх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нэг тэргүүлэх чиглэл болон хөгжих бололцоотой гэж харж байна. БШУЯ-аас шинжлэх ухаан, технологийн салбарын хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, менежментийг сайжруулах, салбарын хөгжлийг улсын хөгжлийн суурь нөхцөл, чиглүүлэгч салбар болгоход анхаарч ажиллах болно” гэдгийг онцоллоо.
Иргэд хэрэгцээтэй, шинжлэх ухаанч мэдээллийг Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн нээлттэй мэдээллийн платформ (www.open.igg.ac.mn), мэдлэгийн портал (www.portal.igg.ac.mn), вэб дээр суурилсан орон зайн мэдээллийн сан (www.webgis.igg.ac.mn), хүрээлэнгийн шинжлэх ухааны үр дүн бүхий үндсэн вэб хуудас (www.igg.ac.mn) зэргээс Газарзүй, байгалийн нөөц, хүрээлэн буй орчны холбогдолтой олон шинэ, хэрэгцээтэй мэдээллийг цахимаар авах бүрэн боломжтой юм.
Эх сурвалж: БШУЯ