Цахим орчин дахь эмх замбараагүй байдалд цэг тавьж өгөөч

Хүчирхийлэл гэж хэн нэгэн хүн эрх мэдлээ тогтоох зорилгоор бусдыг янз бүрийн хэлбэрээр дарамтлахыг, тэрчлэн бие махбодийн хүчийг ашиглан гэмтээх, зүй бус харьцах, хохироох, устган сүйрүүлэхийг хэлдэг.

Харин би хүчирхийлүүлсэн гэж хашгирсан бүхэн хохирогч байдаггүй. Бүх хэрэгт нотолгоо, баримт хэрэгтэй.

2014 онд Г.Сарангэрэл гэх бүсгүй гэнэт садар самуун, хүчирхийлэл ярин шуугиулсаар гарч ирж байв. Түүнээс зүй бус бэлгийн харилцаа шаардан хүчирхийлэгчээр нь тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин нэрлэгдэн, нийгмээрээ нийтээрээ Х.Тэмүүжинг чичлэн үзэн ядсан.

Өнөөгийнхтэй яг ижилхэн. Сүнээ найзаараа дамжуулан Анандбазарыг анх харсан гэдэг шиг Г.Сарангэрэл найз н.Алтанчимэг гэгчээр дамжуулан Х.Тэмүүжинтэй танилцаж байснаар тавилтат жүжиг эхэлдэг. Найз нь Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай байсан гэх бөгөөд Г.Сарангэрэлтэй уулзах санал гаргаж, өрөөнд нь хүртэл очсон. Улмаар халаасны хулгайн хэрэгт холбогдоход нь салбар хариуцсан сайд танилын нүүр халуун гэгчээр хүн явуулж туслуулж байсан гээд л “зохиол” үргэлжилдэг.

Үнэн хэрэгтээ Г.Сарангэрэл хар тамхины хэргээр 461 дүгээр ангид дөрвөн сар саатуулагдаж байгаад гэнэт хэний ч юм батлан даалтаар гаран эл “жүжгийн” гол дүрийг бүтээсэн. Түүний “мэдэгдэл” хуурай өвсөнд ноцсон түймэр шиг дэгдэж, Х.Тэмүүжинг үзэн ядах акц хүчтэй өрнөн эцэстээ залуу хуульч гишүүний улс төрийн карьер өндөрлөснийг бид мэднэ.

Х.Тэмүүжинг хэн ч биш болгосны хойно Г.Сарангэрэл найз залуутай төдийгүй Х.Тэмүүжинтэй ямар нэг харилцаагүй, хар тамхины нь хэргээр олон жилийн ял өгнө гэх зэрэг дарамт шахалт ирсэн учраас улсчтөрчдийн золиос болохоор зөвшөөрсөн гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн.

Түүний өмгөөлөгч нь хүртэл “2014.06.18-нд Эрүүгийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Г.Сарангэрэлтэй уулзан хорихоос гаргах санал тавьж, хариуд нь Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай хэмээн олон нийтэд мэдээлэх болзол тулгасан” гэж ярьсныг энэ мөчид саная.

Өдгөө Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр шалгагдаж байгаа билээ.

Энэ тавилтат “жүжиг”-тэй яг адилхан, гол дүрүүд л өөрчлөгдсөн ижил сценари бүхий найруулгатай эмгэнэлт үйл явдал болоод өнгөрч байна.

Б.Сүндэръяа гэгч эмэгтэй хоёр дахь Г.Сарангэрэл юм биш биз. Өрнөл тавилт танил.

Төрийн ордны тамхины цэгээс мэдээллийг шуурхай дамжуулдаг гэх Б.Сүнээ өнгөрсөн жилүүдэд олон нийтийн сүлжээнд дуулиан шуугиан тарьсаар яваа эмэгтэй. Түүний “гүтгэлгийн” золиос буюу Х.Тэмүүжингийн дүрийн оронд Ц.Анандбазар орж ирэв.

Ц.Анандбазар гэх эрхэм хэзээ хэний дургүйг хүргэсэн, хэний улстөрийн болоод бизнесийн талбарт түвэг болсон, эсвэл улстөрийн бүлэглэлүүдийн нэгэндээ өгөх хатуухан анхааруулгын байнд ашиглагдсан уу, магадгүй бүр ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэгч нь үнэн ч байж болно.

Энэ бүхнийг энэ удаад хойш тавиад нийгмийн сүлжээг удаа дараа ашиглан нийгмийн, олон нийтийн эмх замбараагүй байдлыг үүсгэгч, хэлсэн хийсэн үг үйлдэлдээ хэзээ ч хариуцлага хүлээдэггүй оройлон тоглогчдын хэр хэмжээ хэрээс хэтэрснийг эхлээд зогсоох хэрэгтэй болж байна.  

Шүүхээр гэм буруутайг эцэслэн тогтоогоогүй байхад хэн ч буруутан биш. Буруутан гэж үзэх нотлох баримтууд хангалттай байлаа ч үүнийг олон нийтийн сүлжээнд сэвж, цацан “яллах” эрхгүй юм.

Б.Сүндэръяа гэгчийн хувьд цагдаад гомдол гаргаад түүнийг нь ёс журмын дагуу шалгах ажил эхэлсэн бол түүнд холбогдох баримт материалуудыг түмэнд түгээн шоудаж болохгүйг Цагдаагийн байгууллагаас анхааруулах ёстой. Гэтэл яагаад цагдаагийн байгууллага бүлх залгисан мэт дуугүй суунав.

Эл “драм” дээр дөрөөлөн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг хөндөж буй Нара гэгч эмэгтэй ч нийгмийг, олон нийтийг талцуулан бужигнуулж, гэм буруутай нь тогтоогдоогүй хэн нэгнийг цоллон буруутгах эрхгүй.

Түүнд үнэхээр олон охид хүүхний хохирсон гэх баримт байгаа бол олон нийтийн сүлжээнд уйлан хайлан шоудахын оронд цагдаад өгч, хууль хяналтын байгууллагаар шалгуул л даа. Харин цагдаагийн байгууллага нь гарцаагүй баримтыг үл ойшоон, хэргийг хэрэгсэхгүй болгоод байвал тэрбээр түмний дэмжлэг хүсч, попорч болох юм.

Яг үнэндээ эмэгтэйчүүд, хүүхэд нялхсын хэрэг дээр орилолдож шоудсан нөхөд эцсээ хүртэл, үр дүн гартал явж чаддаг бил үү. Өнөөдрийг хүртэл “Монголын хууль 3 хоног” гэгчээр 3 хоног матрын нулимс унагаад л чимээгүй болдог нь үнэн.

Тиймээс цахим сүлжээг ашиглан нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэгч, шүүхээр гэм буруутайг тогтоогоогүй байхад хэн нэгний нэр хүндэд увайгүйгээр халдан доромжлогчдын тавилтат жүжигт хамтрагч болон оролцчихоогүй л бол Цагдаагийн байгууллагаас ЦЭГ тавих цаг болж.

Цагдаагийн байгууллага ажлаа олигтой хийдэггүй, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх бүхэл бүтэн албатай хэрнээ үнэн мөн, зөв бурууг ялгаж зааглан ажилладаггүйгээс цахим орчин дахь замбараагүйтэл хэрээс хэтэрлээ.

Техник технологи хурдтай хөгжиж, иргэд бүхий л хэлбэрээр мэдээ мэдээлэл авах боломжтой болсон гээд хуулиас гадуур жаалагчдын хэрэгтэй хэрэггүй гүтгэлэг, эрээ цээргүй явдлыг үзэж сонсох хогийн сав биш юм. Мэргэжлийн редакцитай хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сайтууд хэрвээ Г.Сарангэрэл, Б.Сүндэръяа, М.Нарантуяа /Нара/ нар шиг үйлдэл гаргасан бол хэдийнэ Зөрчлийн хуульдуулж, шүүхийн хаалга татчихсан байгаа.

Тиймээс эрхэм Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа Ж.Болд та холбогдох салбар хэлтсүүдээ ажиллуулж, цахим орчин дахь эмх замбараагүй байдал, хэтийдсэн гүтгэлэг доромжлолд ЦЭГ тавьж өгнө үү…

Нийгэмд коронагаас өөр асуудал, ажил явдал байдгийг танай байгууллага мартчихаад байна!!!

Орчуулах »
error: Content is protected !!