Засгийн газрын энэ сарын 11-ны 172 дугаар тогтоолын дагуу өнөөдрөөс ОХУ-тай хиллэдэг бүх хилийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо.
Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаанд хаах, мөн ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав, Боршоо боомтыг тодорхойгүй хугацаагаар түр хаах юм.
Харин Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг мөн хаасан ч энэ сарын 23-наас эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт нээж зөвхөн шатахууны тээвэр явуулахаар болжээ. Энэ хүрээнд тус боомтын халдвар хамгааллын дэглэмийг чангатгахыг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар чиглэл болгосон тухай ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн мэдээллээ.
Алтанбулаг боомтыг 00.00 цагт хаасан ч ОХУ-ын талаас өглөөний байдлаар есөн ачаа тээврийн машин ирсэн гэдэг мэдээлэл иржээ. Тиймээс Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын баг тухайн газарт очиж ОХУ-ын талтай ярилцан тухайн автомашинуудын ачааг төмөр замын тээвэрт шилжүүлэн ачихаар болж байна.
Ташрамд дурдахад, Алтанбулаг боомтыг хаах хугацаанд тус боомтод тусгай бүс байгуулж ОХУ-аас ирсэн ачааг тэндээс сэлгэж ачдаг байхаар бэлтгэлээ хангана. Мөн ОХУ-ын талтай хамтран төмөр замаар ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэж, аль болох өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийхээр судалж байгаа юм. Харин тус боомтоор иргэдээ зохион байгуулалттай татан авах ажиллагаа зогсоохгүй аж.