Зорчих эрхийг хязгаарлах ялаар 12 хүн шийтгүүлж байна

2021-04-16
1 min read

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын 2021 оны I улирлын зарим тоон мэдээллийг хүргэе.

  • Зорчих эрхийг хязгаарлах ялаар 12 хүн шийтгүүлсэн байна.

Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял” хэрэгжиж эхэлснээс хойш шүүхээс 12 хүнд энэ төрлийн ялыг оногдуулсан байна. Үүнээс Нийслэлд 4, орон нутагт 8 хүнд оногдуулснаас 1 хүний шүүхээс тогтоосон ялын хугацаа дуусжээ.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын хяналтад байсан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 1 ялтан тоног төхөөрөмжийг эвдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

  • Прокурор 7.4 тэрбум төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажилласан.

Улсын хэмжээнд торгох ялаар шийтгүүлсэн 3475 ялтан, 6 хуулийн этгээдийн 7.4 тэрбум төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажилласнаас 1.5 тэрбум төгрөгийн торгох ял бүрэн биелжээ.

Прокурорын газрууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон этгээд хяналтад байх хугацаандаа мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг улирал бүр Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран шалгаж байна. Энэ оны эхний улиралд дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлж, хяналтад байсан 164 хүнээс  5 хүн дахин хэрэглэсэн нь тогтоогдсон тул албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар дүгнэлт бичиж,  шийдвэрлүүллээ.

Орчуулах »
error: Content is protected !!