“Токио 2020” эхлэхэд 100 хоног үлдлээ

2021-04-14
1 min read

“Токио 2020” зуны олимпын XXXII наадам эхлэх 100 хоногийг албан ёсоор тоолж эхлэх ёслол Японы нийслэл хотын захиргаанд өнөөдөр болжээ.

Энэхүү арга хэмжээнд “Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Тошиаки Эндо, Токио мужийн захирагч Юрико Коикэ, Японы Олимпын хорооны тэргүүн Ясүхиро Ямашита болон бусад уригдсан зочид оролцсон байна. 

“Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдлээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдалд ойртуулж чадсан бүх хүнд талархаж байна. Коронавирустэй тэмцэх арга хэмжээ, эмч нарын хүчин чармайлтын ачаар бид үүнийг хийж чадсан. Бид гайхамшигтай сайхан Олимпын наадмыг зохион байгуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна” гэж Токиогийн захирагч Юрико Коикэ онцлон тэмдэглэжээ. 

“Бид Олимпын наадам эхлэх долоодугаар сарын 23-ны өдрийг тэсэн ядан хүлээж байна. Наадмыг аюулгүй зохион байгуулах нь бидний эн тэргүүний зорилт хэвээр байна. Тамирчид Токиод хамгийн сайн амжилт үзүүлнэ гэж би найдаж байна” гэж “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Тошиаки Эндо хэллээ. 

Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Олимп, Паралимпын бэлгэдлүүдийн 2.6 м өндөртэй дүрсийг Токио хотын захиргааны байранд байрлуулав. Олимпын наадмын бэлгэдлийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийг “Сомейти” гэж нэрлэсэн билээ. “Мираитова” гэдэг нь японоор “мираи” буюу ирээдүй, “това” буюу үүрд гэсэн утгатай бөгөөд нийлэхээрээ гайхалтай ирээдүй үүрд мөнх оршино гэсэн утга агуулгатай ажээ.

Харин “Сомейти” гэдэг нь “сомейёшино” буюу төрөл бүрийн интоорын мод гэдэг үгнээс үүсэлтэй нэр ажээ. Англиар энэ үг нь маш хүчирхэг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэхүү нэр нь Паралимпын агуу байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ Японы ард иргэд интоорын цэцгээрээ бахархдгийг илтгэж байгаа юм. Эдгээр нэрийг 30 нэрэн дундаас сонгожээ.

Хотын захиргааны байранд болсон арга хэмжээтэй зэрэгцэн Токио хотын захад орших Такао уулын оройд Олимпын наадмын бэлгэ тэмдэг болох таван цагиргийг суурилуулсан байна.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!