Өнөөдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байгаа ч автобусанд хүний бөөгнөрөл үүсэж, хүн хоорондын зай барих боломжгүй болсон талаарх мэдээлэл гарсан.
Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаагаас тодруулахад, “Тодорхой чиглэлд буюу төв замаар явдаг, захын хорооллоос төв рүү явдаг чиглэлд ийм асуудал үүссэн. Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд биш, тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчдад зориулан тусгай цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа. Өнөөдрийн хувьд ачаалал үүссэн шалтгаан нь өглөөний нийт зорчигчдын 30 гаруй хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Энэ нь зорчих ёстой иргэд биш, зорчих ёсгүй иргэд нийтийн тээврээр зорчиж, ачаалал үүсгэж байна гэсэн үг. Үүнээс болж, төлөвлөсний дагуу хүн хоорондын зай барих боломж алдагдсан” гэв.
Хөл хорионы хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гол чиглэлүүдийг давхцуулахгүйгээр, автобус хоорондын хугацааг 10-15 минут байхаар төлөвлөж, үйлчилгээнд гаргасан байна.