Японд хоёрдугаар сараас эхлэн АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанид гарган авсан “COVID-19”-ийн эсрэг вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Баасан гаргийн байдлаар 1.1 сая хүн вакцины ядаж нэг тунг хийлгээд байгаа хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Энэ нь хүн амын нэг хүрэхгүй хувьтай тэнцэх үзүүлэлт юм.
Тэгвэл тус улс өнөөдрөөс эхлэн 65 болон түүнээс дээш насны иргэдийг “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн байна. Засгийн газар өндөр настай 36 сая орчим иргэнийг бүрэн вакцинжуулахад хүрэлцэх тун вакциныг ирэх зургаадугаар сарын эцэс гэхэд орон даяар түгээхийг зорьж байгаа ажээ.
Харин үүний дараа чихрийн шижин гэх мэт архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнуудын асрамжийн газарт ажилладаг хүмүүсийг дархлаажуулж, цаашид хүн амын үлдсэн хэсгийг вакцинжуулахаар төлөвлөж байна.