МАН-ын гол тоглогчид хөзрийн модоо солих нууц уулзалт хийсэн үү

Намын дарга У.Хүрэлсүх сонгуулийн сурталчилгаа эхлэх дөхөж байхад хатуу хөл хорио тогтоохгүй байх үүргийг гүйцэтгэх засаглалын тэргүүнд өгсөн гэх ч цар тахлын нөхцөл байдал аргагүй байдалд оруулсан мэт шоудалттайгаар хөл хөдөлгөөн зогсов.

АН эв зүйгээ ололцохгүй, шинээр сонгогдсон хоёр даргын цаана З.Энхболд, Х.Баттулга, С.Эрдэнэ гэх гурвал халзагнаж байтал хатуу хөл хорио эхэлчихлээ. АН дотор Х.Баттулгын эсрэг хөдөлгөөн өрнөж, Цэцийн гишүүдийг эрх баригчид өөрсдийн хүмүүсээр дүүргэсэн гээд улс төрийн нөхцөл байдал МАН-д, тэр дундаа У.Хүрэлсүхэд таатай.

Тэрчлэн МАХН болон Н.Энхбаяртай тохиролцоо хийхээр болсон нь Э.Эрдэнэжамъяаны ярилцлагаас илт. Тэрбээр “У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой кандидат” хэмээн тодотгосон бөгөөд энэ нь МАН болон У.Хүрэлсүхийн талаар өнгөрсөн хугацаанд ганц өөдтэй үг унагаж байгаагүй Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяны хувьд У.Хүрэлсүхэд өгсөн анхааруулга ч байж мэднэ.

МАХН буюу Н.Энхбаярын зүгээс Байгаль орчин аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Соёлын яамыг эрх баригчдаас “нэхэмжлээд” байгаа. Харин БОАЖ-ын сайд Н.Уртнасан албан тушаалаасаа түдгэлзэх боломжгүй гэдгээ Ерөнхий сайдад удаа дараа мэдэгдсэн юм байх. Тус яамыг нам доторх фракцид, эс бөгөөс хэн илүү төлсөнд нь өгдөг “халаасны өрөө” гэгддэг. Тэр зарчмын дагуу Н.Уртнасан “төлбөр”-өө төлж, түлхүүрдүүлж гарч ирсэн ганц боломж тул өгч чадахгүй хэмээн гөжүүдэлж. Тэрбайтугай Засгийн газрын гишүүн сугална гэвэл У.Хүрэлсүх шиг танхимаараа огцрох ёстой гэх шаардлага ч тавиад амжсан гэнэ.

Ийнхүү суудал нь дэнжигнэж айван тайван ажиллах боломж өгөхгүй байсан тул шинэхэн сайд өнгөрсөн хугацаанд нөхцөл байдлыг харгалзан уулзалт зохион байгуулахаас өөрөөр төсөв мөнгө гаргаж чадалгүй хүлээлтийн байдалд хэдэн сарыг үдэж. Хажуугаар нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос авахуулаад төсвөө авах шаардлагыг салбар яаманд удаа дараа тавьж, Н.Уртнасан сайдыг багагүй бухимдлууд байгаа.

Энэчлэн Н.Энхбаярын хүссэнийг өгөхийн тулд энэ Засгаас гурван шүд сугалах, эсвэл тэр чигт нь солих уу гэдэг бяцхан томъёонд л У.Хүрэлсүх суугаа. 

Харин хоёр толгойт АН-ыг зангидах боломж З.Энхболдод байгаа ч төдийлөн идэвхи гаргасангүй, хүссэн ч үгүй.

Ц.Тувааны талаас сонгогдсон О.Цогтгэрэл С.Зориг агсанд Улсын баатар цол нэхэн олгоё гэж далийраад олон нийтийн сүлжээнд ам руугаа алгадуулсан. Уг нь энэ нам нэгдэлтэй байсан бол цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэл, эргэж буцсан, уялдаа холбоогүй шийдвэрүүд гээд эрх баригчдыг ирэх сонгуульд унатал СӨРӨХ асуудал даанч олон байгаа юмсан.

С.Эрдэнийн тал М.Тулгатыг намын даргаар батламжилсан. Тэдний тамга гардуулах ажиллагаа Э.Бат-Үүлийн уянгын халил дунд дарагдаад өнгөрөв. Энэ нөхдөөс нам доторх бойкотоос өөр юу ч гарахгүй нь тодорхой.

Э.Бат-Үүлийн хувьд хийх ёстойгоо хийж, Х.Баттулгын эсрэг акц өрнүүлээд эхэлсэн. Тэрбээр цахим хуудсаараа “Намайг нийслэлийн АН-ын дарга болсонд Х.Баттулга яагаад дургүйцээд байгааг ойлгохгүй байна. Өөрийн банхруудаараа сүүлийн 10 хоног угсруулан дайруулж байна. Өөрийг нь Ерөнхийлөгч болоход миний нийслэлд оруулсан хувь нэмэр багагүй дээ…” хэмээн зүү шидчихсэн байгаа.

Ирэх сард Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрийг улс төрийн намууд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. АН дотоод асуудлаа эцэслэхгүй, тохироо хийх алхам ч хийгдэх янзгүй өөр зуураа ийн толхилцох зуурт хатуу хөл хорио тавигдчихсан. Вакцинжуулалт ч зогсчихсон энэ хөл хориог АН-д зориулсан гэх маазрал Тусгаар тогтнолын ордонд идэвхтэй байгаа.

Ийнхүү сөрөг хүчний хувьд Улсын дээд шүүхэд тамгатай, тамгагүй даргын маргаанаас салж чадалгүй байсаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг өнжиж мэдэх нь. Үүний төлөө “женко”-гүй төрийг захиалсан 49-ийнхөн юу ч хийхэд бэлэн байдалтай яваа. Тэд эрх баригчдад өөрсдийн хөгжмийг захиалаад удаж байгаа төдийгүй нийслэлийг ч “гартаа” авчихсан турхирч суугаа нь нууц биш.

Иймэрхүү өгөгдөлтэй улстөрийн үйл явц дунд МАН-ын гол тоглогчид хөзрийн модоо сольж мэдэх шуум дэгдэв. Тэд алиагаа алдсан АН-ыг эцсээ хүртэл самарч чадвал эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших У.Хүрэлсүхээ өөр хүнээр сольж, улмаар фракцуудаа зангидаж чадахгүй, үе үеийн генсэкүүдийн түүхэнд хамгийн олон гишүүнээ “аавын хаалга” татуулсан шалтгаар Д.Амарбаясгаланг ч ирэх долдугаар сард зайлуулах цоо шинэ хувилбарыг зурсан нууц уулзалтыг хийсэн гэх мэдээллийг эх сурвалжаас өглөө.

Орчуулах »
error: Content is protected !!