Гэр хороололд халаалтын эх үүсвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах төслийг хэрэгжүүллээ

2021-04-09
1 min read

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий үндсэн стратегийн хүрээнд гэр хороололд хүлэмжийн хийн бага ялгарал бүхий сэргээгдэх эрчим хүч хосолсон халаалтын эх үүсвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төслийг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас гураьдугаар сарын 15-ны хооронд Их Британийн Элчин сайдын яамны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн болон хэсэгчилсэн дулаан хангамжид холбогдох боломжгүй гэр хорооллын захын бүсийн айл өрхүүдэд тав тухтай, хэрэглэхэд хялбар, ашиглалтын зардал багатай, агаарын бохирдолгүй, хамгийн гол нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахуйц үр нөлөөтэй дулааны эх үүсвэрийг тодорхойлохыг зорьсон бөгөөд уг төсөлд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 112 өрхийг хамруулсан.

Эдгээр судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн нүүрсний хэрэглээн дээр үндэслэн нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцоолоход жилд 4037 тонн CO2 үйлдвэрлэж байгаа бөгөөд хэрвээ эдгээр өрх хүлэмжийн хийн бага ялгарал бүхий сэргээгдэх эрчим хүч хосолсон халаалтын эх үүсвэрийг ашиглавал CO2 нь 2822 тонноор буурах үр дүн гарах юм. Энэхүү тооцооллыг төвийн зургаан дүүргийн нийт гэр хорооллын захын бүсийн 194.749 айл өрхүүдэд хэрэгжихээр тооцвол CO2 нь 4.9 сая тонноор буурах тооцоолол гарч байна.

“ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, СУДАЛГААНЫ ИНСТИТУТ” ОНӨААТҮГ

Орчуулах »
error: Content is protected !!