МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэрбумаар үнэлэгддэг “Замбуулин виллаж”-д амьдардаг.
Тэр тэрбумын төлбөрөө хэрхэн төлсөн бэ. Тоолоод өгөх мөнгөгүй гэгддэг Д.Амарбаясгалан хаусаа хэрхэн худалдаж авсан нь тодорхойгүй бөгөөд одоо хэр “Замбуулин виллаж”-ын эзэн Г.Чинтөмөрийн “барьцаанд” явдаг хэмээн МАН-ын генсэкийн ойрын нөхөд нь ярьж байна.
Үнэхээр генсэк тэр их төлбөрийг яажшуухан барагдуулсан байдаг юм бол. Эл тансагхан хотхондоо Ерөнхийлөгчийн зөвлөх, Ардчилсан намын гишүүн нэгэн нөхөртэй хөрш амьдардаг тэрбээр үнэхээр хаусныхаа төлбөрийг төлж барагдуулж дуусаагүй, барьсан эзний нь “барьцаа, тохироо”-нд явдаг нь үнэн бол Ардчилсан намын гишүүний “атганд” амьдардаг байх нь.
Хүн гээч амьтны хамгийн чухал хэрэглээ болсон орон байр, үл хөдлөх хөрөнгө нь хэн нэгний “мэдэлд” байна гэдэг сэтгэл чилээсэн асуудал яах аргагүй мөн гэдгийг маргах хүнгүй.
Зээлтэй амьтдын зовлон барагдах биш…
“Замбуулин виллаж”-ын эзэн, АН-ын гишүүн Г.Чинтөмөрийн компанийн барьсан өртөг өндөр хаус, тэрбайтугай оффисоос нь зээлээр, “дараа төлбөр”-төөр авсан улстөрчид олон. Олигтой бизнесгүй, олон жил төрд алба хашсан улстөрчид зээлээ, төлбөрөө дараа нь харин хэрхэн төлдөг юм бол…
Газрын наймаа, концесс, тендэр, ЖДҮДС-гийн луйвар булхайгаар гаршсан улстөрчид орон байр, оффис сууцныхаа төлбөрийг яаж ч барагдуулсан байж мэдэх учраас зэрэглэл өндөртэй байршилд газартай, эсвэл төрийн өмчийн мэдлийн хаягдаж гээгдсэн байшин барилгатай болчихсон Г.Чинтөмөрийн халаасан дахь мэдээллийг шалгаж хянахад илүүдэхгүй. Бүр цагаа олсон үйлдэл болно.
Г.Чинтөмөр гэж хэн бэ…
Ардчилсан намын гишүүн тэрбээр өөрийн намын төдийгүй эрх баригч намын нөлөө бүхий нөхдөд тэрбум тэрбумын өртөгт үл хөдлөх хөрөнгөө “дараа төлөх” нөхцөлтэйгээр өгөөд өгөөд явчихдаг гэж байгаа.
Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул энэ эр нийслэлийн А зэрэглэлийн бүсэд газар хэрхэн авдаг бяр чадлыг нь хууль хяналтынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад эхэллээ.
Магадгүй өнөөдөр эрх баригч намын бүхий л томилгоо, сайн муугийн үйлийг самарч суугаа Д.Амарбаясгалангийн хэр хэмжээнд цэг тавих гэсэн хүний өөрийн намын хөгшчүүлийн хийж буй ажлын нэг байж мэднэ.
Ямартай ч АН-ын гишүүний батлах халаасандаа атгачихаад МАН-ын том улстөрчдийн өмнөөс бизнес эрхлээд удсан гэлцдэг Г.Чинтөмөр хуулийнхны хараанд ороод авсан.
“Бор-Өндөр”-ийн баяжуулах уурхайд ажиллаж байхаасаа У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарын арын албыг зохицуулж ирсэн тухай нь ч баримт дэлгэгдэж байгаа юм байна.
Тэрбайтугай УИХ-ын гишүүн асан Л.Цогзолмаагийн хүүтэй гар нийлж олон жил чамгүй юм нааш цааш болгож ирсэн гэх Г.Чинтөмөр “Ди Жи Фрэйндс” ХХК, “Жи Энд Юу Гоулд” ХХК-иудтай агаад Баянхонгор аймагт алтны томоохон уурхайтай нэгэн аж.
Аатай, жаатай эр маань Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот дахь хамгийн гоёмсог “Дарьганга” зочид буудлыг эзэмшдэг бөгөөд саяхнаас аймгийн төвд баригдаад орхигдсон байсан төрийн өмчийн 16 давхар барилгыг ямар ч тендэр, сонгон шалгаруулалтгүйгээр авчихсан байгаа нь сонирхолтой.
Энэ 16 давхар барилгыг авахад нь Д.Амарбаясгалангаас гадна УИХ-ын гишүүн Н.Ганибал тусалсан гэх мэдээлэл байна. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганибалын сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан аж. Тиймээс сонгон шалгаруулалтгүйгээр төрийн өмчийн барилгад эзэн суусан гэх асуудал ч мөн шинэ хавтаст хэрэг нээх шалтаг болсон бололтой.
Д.Амарбаясгалан, Н.Ганибал нараас гадна хэд хэдэн улстөрчийн “төлбөр”-ийн нэхэмжлэл болж ирсэн Г.Чинтөмөр Төрийн ордноос баруун хойхно нэлээд хэмжээний газрыг хэрхэн, ямар замаар эзэмших болсон нь ч анхаарлын төвд орж, шинэ цагийн “газрын наймаачин”-г олж тогтоох нөр их ажил хуулийнханд үүсч, даварсаар даварсаар дагвын орон дээр гарч суусан памперстай жаалуудаас Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа салах кампанит ажлыг ийнхүү жинтэйхэн эхлүүлжээ.