-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та монголд байна уу?!….-
Эрүүл мэндийн яам, тэр дундаа ХӨСҮТ-өөс хатуу хөл хорио тогтоох саналыг удаа дараа хүргүүлсээр дэмжүүлээд авлаа. Засгийн газар хатуу хөл хориог дэмжихгүй, эдийн засгаа эрчимжүүлнэ гэх байр суурьтай байсан ч буулт хийв.
Харин хатуу хөл хорих энэ өдрүүддээ цар тахлын эсрэг төр засаг юу хийж чадах вэ…
Вакцинжуулалтыг эрчимжүүлнэ, тархалтын хүрээг хумина гэх жижүүрийн үгээс өөр хэлэх үг, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө бий юү. Юу ч байхгүй гэдэгт мөрийцсэн ч алдахгүй биз.
Ниргэсэн хойно хашгирав болж халдварын тархалт хяналтаас алдагдсан, хариу арга хэмжээний төлөвлөгөөгүй, төлөвлөгөө байсан ч Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой агентлаг гэгдэх Нийслэлийн онцгой комисс дээр очоод зад үсэрч, үл хэрэгждэг, огт ондоо арга хэмжээ болон өөрчлөгддөг энэ тохиолдолд хатуу хөл хорио тогтоогоод хэнд ашигтай вэ, тэгвэл…
Яг үнэндээ Эрүүл мэндийн яамаа шөвөгдөн олон нийтийг айдаст автуулж, цахим сүлжээгээр турхиран суугаа нь ХӨСҮТ юм биш биз.
Харсаар байтал энэ газар чинь бие даасан бүрэн эрхт вант улс болчихсон юм биш үү, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!!!
Зудтай жилийн нохой зоолдог гэгчээр цар тахлын “Улаан бүс” гэх халхавч дор зоргоороо тийчиж, шинжилгээний бичгээр хүртэл хэтэвчээ зузаатган суусан энэ бэлцэгнэсэн газрын идээ бээрийг нэгмөсөн хагалж, цэвэрлэж дийлээгүй л биз дээ, одоог хүртэл.
Өвчинтэй, өвчтөнтэй улаан гараар тулсан, аюулын бүст нойр хоолгүй ажиллаж буй хэдэн эмч, сувилагч, асрагч, ажилтан албан хаагчдын ард цалин хөлсийг нь ч бүтэн олгочихож чаддаггүй эрх ямба, элдэв аашаар гараа угаан суугаа дарга нарын сүлжээг ганц Д.Нямхүүг халснаар тасалсан гэж үзэж байна уу.
Монгол Улсын хэмжээнд коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо 12.226 болсон нь яг үнэн үү.
Энэ тоо баттай гэдгийг МУ-ын Ерөнхийлөгч ТА, Засгийн газар, УОК, НОК, тэр бүү хэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэх үү.
Шинжилгээний бичгийг удаа дараа хуурамчаар үйлдсэн, түүнээс нь болж хөдөө орон нутагтаа халдвар алдчихаад байгаа ХӨСҮТ-өөс ирүүлсэн тоо мэдээлэлд итгэж болно гэдгийг хэлээд, нотлоод өгөөч!!!
Хуурамч хариу гаргаж өгч байсан ХӨСҮТ дэх лабораторийн шинжилгээг ганц нэг нөхрийг ажлаас халан хариуцлага тооцсоноор бүрэн хяналтдаа авсан гэж үзэж байна уу, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аа…
Ард иргэдийн чинь эрүүл мэнд, амь нас улс үндэстний чинь аюулгүй байдал биш үү.
Гэтэл шинжилгээний очер дарааллыг зардаг, яаралтай шинжилгээг танил талын шинжилгээгээр хойшлуулдаг, хариуг хуурамчаар гаргадаг энэ газарт эрхэм Ерөнхийлөгч та зочлох, өдөр бүр илэрч буй аймшигт олон тоонд анхаарал хандуулах цаг болоогүй юу!!!
“Улаан бүс” гэх хэрээст тэмдгээр салбарын сайдаа ч ойртуулдаггүй энэ газрын удирдлагын баг бүрэлдэхүүнд бүтэн шинэчлэлт хийж, мэргэжлийн хяналт, цагдаа, хуулийн байгууллагын шалгалтыг хуйгаар нь оруулж байж хатуу хөл хориот өдрүүд чинь үр дүнгээ өгөх биш үү?!
ХӨСҮТ хүсвэл шинжилгээний хариуг цагийн дотор гаргаж болдгийг нийтээрээ мэднэ. Хариу арга хэмжээний ямар ч хувилбаргүй болчихсон энэ өдрүүдийн хатуу хөл хориог ХӨСҮТ-д зориулаад өгөөч.
Овоо босгоогүй газарт шаазгай юунд суухав. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино ч гэдэг. Аюулт тахлыг амин хувийн олз болгочихсон байсан ХӨСҮТ-ийн ажилтнуудын увайгүй үйлдэл энэ газрын дарга даамлуудад итгэх итгэлийг өгч чадахгүй байна.
Гадны хүн оруулдаггүй, орсон бол гаргадаггүй энэ нууцлаг газрын доторх жинхэнэ үнэнийг мэддэг, хянадаг болсон цагт цар тахлыг утгаар нь хянах биш үү…
Цахим орчинд “Ойрын хүнээс чинь халдварт өртсөн нэгэн байна уу, өдөр өдөрт нэмэгдэх энэ их тоо үнэн үү” гэх асуулт тасрахаа больсон. Үүнтэй зэрэгцэн нас баралт нэмэгдэж байна. Гэтэл нас баралтын эмгэнэлт мэдээний араас ХӨСҮТ-ийн ажилтнууд өөрсдөө цар тахалд өртөх эрсдэл өндөр тул батлагдсан тохиолдлуудын цээжийг чагнах, биед нь гар хүрэлцэх аливаа эмчилгээнээс зайлсхийхийг анхааруулсан гэх итгэхэд бэрх аймшигт шуум дэгдлээ.
Энэ үнэн үү, ийм байж болох уу…?!
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан ХӨСҮТ-д шалгалт хийж эхлээд л эцэстээ хаана хүрч дууссаныг бид мэднэ. Өнгөндөө Т.Мөнхсайхан, Д.Нямхүү гэх хоёр хүний маргаан, цаашлаад салбарын сайд нь ахмад эмчийг дээрэлхсэн өнгө дүрийг олонд үлдээгээд замхарсан.
Т.Мөнхсайхан сайд ХӨСҮТ-д шалгалт оруулж, ноцтой зөрчлүүд илрүүлсэн нь үнэн.
Цалин, урамшууллын нэмэгдлийг зүй ёсоор олголгүй эрхтэн дархтны үзэмжээр шийддэг. Хүний нөөцийн бодлого алдагдсан, эмнэлгийн бохирын систем онц аюултай түвшинд хүрсэн, цар тахлыг далимдуулан хөрөнгө завшиж байсан гээд түг түмэн НО-той, НОЦ-той асуудлууд илэрч байв…
Тэрбайтугай цар тахлыг ХӨСҮТ-өөс нийтийн дунд алдсан байж мэдэх ноцтой асуудлыг тэрбээр сөхсөнийг саная.
Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг надад бий. Сovid19-тэй хүмүүсийг эмчилж буй эмч, сувилагч бус тус эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн сувилагч, ариутгалын тасгийн ариутгагч халдвар авсан. Энэ нь ХӨСҮТ-өөс халдвар тархах маш том эрсдэл үүссэнийг илэрхийлж буй дохио. Тиймээс зөв арга хэмжээг яаралтай авч менежмэнтээ өөрчлөх шаардлагатай” гэсэн нь тухайн үеийн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд таалагдаагүй.
Залуу сайд ХӨСҮТ дэх идээ бээрийг шахан удирдлагын арга барилд менежмэнт хийх гэж яваад дэгээдүүлж, өөрт харь хамаагүй асуудалд хүлэгдэн огцорсон.
Салбарын сайдын гаргаж тавьсан асуудлын хүрээнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг хуулийн байгууллагаас шалгахаар болсон ч “би халдвар авчихлаа” хэмээн “Улаан бүс”-дээ 14 хонож эцэстээ албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр намжсан гэх мэдээлэл бий.
ХӨСҮТ-өөр оролдож эхэлсэн дараагийн нөхөр Шадар сайд С.Амарсайхан.
Тус төвийн тандалт судалгааны албаны сувилагч хамаарал бүхий хүндээ PCR шинжилгээний хариуг хуурамчаар гарган арилждаг байсан бусармаг, эрүүл хүний ухаан санаанд ч багтамгүй мэдээллийг анх С.Амарсайхан нийтэд дэлгэснийг саная.
Үүнээс хойш үйл явдал хэрхэн өрнөж, өдгөө түүнийг огцруулах кампанит ажил эрчимтэй өрнөж байгааг бид харж байна.
Ахмад настай эцэг, эхийгээ ХӨСҮТ-д хүргэж өгөх, тэр бүү хэл сахих журам мөрдөгдөх болсоор удаж байгааг яг үнэндээ түмэн олноороо мэднэ.
Учир нь, урьд мөрдөгдөж байсан хатуу журамд өөрчлөлт орж уян хатан болсныг Эрүүл мэндийн яамны тухайн үеийн ээлжит мэдээллийн үеэр ч зарлаж байв.
Өөрчлөлт орсон журмаас хойш хүнд өвчтэй настангуудын хичнээн олон сахиур эмч сувилагчдаас ялгаагүй улаан бүс рүү нэвтэрч, улмаар халдвар авсан бол тэндээ, үгүй бол тусгаарлалтын байр руу шилжин 14 хоног хянагддаг болсныг ХӨСҮТ-ийн жирийн ажилтан хэн ч хэлж байна.
Гэтэл ХӨСҮТ-өөр оролдож, дарга удирдлагуудыг баалж эхэлсний дараахнаас С.Амарсайхан руу чулуу нүүлгэж эхэлсэн нь тохиолдол уу.
Яг л Т.Мөнхсайхан сайдыг баалсан шиг үзэгдэл…
Салбарын сайд нь ч хөл тавьж чаддаггүй “улаан хэрээст” ХӨСҮТ-ийн камерын бичлэгийг гаргаж чадах эрх мэдэлтэн хэн байх билээ, бодох л асуудал.
Үйл явдлыг ухраавал С.Амарсайханыг хотын дарга байхад эхнэрийг нь тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлах байр руу өөр машинаар явчихлаа гэх бичлэгийг олон нийтийн сүлжээнд хэн тавьж, хэрүүл зарга үүсгэлээ. Нэг онгоцонд дайгдаж ирчихээд, тусгаарлах байрны шуугиан дэгдээн цамнаж байсан зорчигчдыг мартах болоогүй байна… Тэр байтугай Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх шатанд гацааж, өөрчилж, тэр гэхийн тэмдэггүй болгон самарч буй улстөрийн түжигнээнийг ч хамаатуулан бодоцгооё.
Тэгэхээр цар тахлын аюулын хувьд, тахлыг далимдуулсан улстөрийн нанчилдаан, дундах цоорхойг ашиглан зоолсон увайгүйчүүдийн үйлдэл, итгэхэд бэрх тоон мэдээллүүд, ХӨСҮТ-өөр оролдсон нэгнийг зүгээр байлгадаггүй үзэгдэл нь “Улаан бүс” гэх халдашгүй дархан энэ бүсэд, тэр дундаа тус газрын үеийн үед дархлагдан бугшсан дарга даамлуудын сүлжээнд тэсрэлт хийн шалгах, хяналт тавих ажлыг нэн яаралтай, бүр маргааш эхлэх хатуу хөл хорионы өдрүүдэд хийх хэрэгтэйг харуулж байна биш үү!!!
Адаглаад л коронавируст халдварын шинжилгээг хүний биш мал эмнэлгийн лабораторид хийж байгаа гэх зүүдэнд ч оромгүй мэдээллийг шалгаад өгөөч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Халтмаагийн Баттулга аа?!
Иргэд бидний эрүүл мэнд, амь насанд аюул учраад байна. Хичнээн хүний үхлийн ард хөдөлж, арга хэмжээ авах гээ вэ… Дуугарвал, 1 сая төгрөг өрх бүрт өг гэхээс өөр шийдэл алга уу…
Хальт явцуурчихад, эрхэм Ерөнхийлөгч та удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших боломж хайн, нөгөөтэйгүүр өрх бүрт 1 сая төгрөг өгөх бүтэл муутай саналынхаа хажуугаар эрүүл мэнд, амь насанд нь тахлын аюулаас нүүрлээд буй иргэдийнхээ төлөө ХӨСҮТ тойрсон байж боломжгүй сүлжээс, увайгүй явдлуудад тэсрэлт хийж, “УЛААН БҮС” гэх нууцлаг газрын үнэн мөнийг дэлгээтэхвэл ирэх сонгуулийн ялалт халаасанд тань орчихлоо л гэсэн үг.
Тиймээс ХӨСҮТ-д итгэх олон түмний алдагдсан итгэлийг нь хатуу чанга хяналт шалгалтаар сэргээж, тахалд үй олноороо нэрвэгдэх үхлийн аюулаас олон түмнээ хамгаалаад өгөөч!!!