Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ 200 мянган харилцагчаа вакцинд хамруулна хэмээн огцом мэдэгдсэн.
Ингэхдээ “АстраЗенека”, ОХУ-ын “Стутник V” вакцины тунг банкны зардлаар оруулж ирэн улмаар бүх харилцагчаа үнэ төлбөргүй вакцинжуулна гэж сүр дуулиантайхан ам гарав.
Харамсалтай нь тэд өнөөдрийг хүртэл хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тодорч, томорч, попрох зуурт нь өнөөх муу нэрт луу данст Засгийн газраас бүх иргэдээ вакцинжуулаад дуусах нь.
“Одоогоор вакцин оруулж ирэх ажил гэрээ хэлцлийн шатандаа явж байгаа” гэх жижүүрийн хариулттай тэд бүх зүйл дууссан хойно 5 ширхэг вакцин оруулж ирсэн болоод түүндээ “арайхийн вакцинаа оруулаад иртэл харилцагчид маань аль хэдийнэ тариулчихжээ” гэсэн хөгийн тайлбар бэлтгээд сууж буй биз.
Нэг хэсэг хувийн хэвшлийнхэн вакцин оруулж ирэх гэтэл Засгийн газар зөвшөөрөхгүй байна гэсэн худал үнэн бор шувууг сошиалд нисгэж байсан нөхдийн цаад эздийг тус банкныхан байсан гэлцэж байна. Үнэндээ үгүй гэж өмөөрөх өнцөг бас үгүй.
Ямартай ч Худалдаа хөгжлийн банкны хариуцлагагүй мэдэгдэл харилцагчдаа хуурахын зэрэгцээ хэзээ ч бүтэхгүй, бүтээхгүй байсан мэдэгдлээрээ шинэ харилцагчдыг олноор үүсгэсэн “мэхлэлт” байсан юм биш үү гэх бухимдлыг олон нийтэд төрүүлээд байгаа юм.