Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын байгууллага зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна

2021-04-06
1 min read

УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

-Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа хэдий ч аль болох аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжих зорилгоор хатуу хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн хяналт тавьж байна вэ?

-УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг худалдаа, үйлчилгээний газрууд хэрхэн мөрдөн ажиллаж байгаад бид хяналт, шалгалт хийж байна. Мөн дархлаажуулалтын цэгүүд, ПСР шинжилгээний цэгүүд, батлагдсан тохиолдлын голомтын халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, тухайн халдваргүйтгэлийн үйл ажиллагаа шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 12 чиглэлээр хяналт, шалгалт хийж  байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/246 тоот захирамж, Улсын онцгой комиссын 01 тоот тогтоолын хүрээнд дараах чиглэлээр хяналт, шалгалт хийж байна.

  1. Дөрөвдүгээр сарын 3-17-ний өдөр хүртэл хязгаарлаж, үйл ажиллагааг нь зогсоосон 16 чиглэлийн аж ахуй нэгж байгууллагуудад улсын байцаагчдыг томилон үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд нь хяналт тавин ажиллаж байна.
  2. Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтраад цагийн хязгаарлалтад орсон буюу өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулж байгаа газруудад цаг хэтрүүлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.

-Аж ахуй нэгж, байгууллага, иргэд та бүхэнтэй хэр хамтарч ажиллаж байна вэ?

-Аж ахуй нэгж байгууллагууд маань  тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх нь харьцангуй тогтмолжсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс бол зөвлөн туслах үйлчилгээ буюу тухайн газар аж ахуй нэгж, байгууллага дээр хяналт шалгалтаар очихдоо тухайн тушаал, шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тал дээр нэг бүрчлэн зөвлөж, зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна. Томоохон зах, худалдааны төвүүд болон хүнсний үйлдвэрийн газруудад цахимаар сургалт хийж байгаа. Мөн гуравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, яамдын сайд нартай хамтран худалдаа, үйлчилгээний газрууд, бассейн, саун, фитнес, хүнсний үйлдвэрүүд гэх мэт газруудад УОК-ын 18 дугаар тушаалаар баталсан түр журам болон тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, тухайн цэгүүд дээрх халдварын эрсдэл, эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөн туслах хэлбэрээр хяналт, шалгалт хийсэн. Аж ахуй нэгж, байгууллагууд тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажил дээр харьцангуй сайжирсан боловч зах худалдааны төвүүд дээр дараах зөрчлүүд илэрч байна.

  • Хүн хоорондын зай бариулаагүй.
  • Нэг чигийн урсгалыг төлөвлөж, зохион байгуулаагүй.
  • Мах, бусад хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй.
  • QR код уншуулаагүй, тогтмолжуулаагүй.
  • Ажилтан, албан хаагчдадаа хамгаалалтын хувцас, хэрэгсэл бүрэн өмсгөж хэвшүүлээгүй.
  • Халдваргүйтгэлийг хоёр цаг тутамд хийдэггүй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Орчуулах »
error: Content is protected !!