–Хөрөнгө оруулагчдыг ад үзсэн А хувилбарыг нь эмэгтэй улстөрчид самарсан тул өнөөдрөөс Засгийн газар руу чиглүүлсэн Б хувилбартаа шилжсэн гэнэ–
Улстөрчдийн зодоон, хуваагдал, тэмцэл бүр үнэн байхаа болив. Монголын улстөр дэх ноёд хатдын ард гадныхан байж, өгөршсөн яс шидлэн уралцуулах нь гэм биш зан болж…
АН-ынхан хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүйн үлгэрээр нэг нь нөгөөгөө хөөж өөрсдийн байтугай хөндлөнгийн хүний хошного улаймаар булайгаа чирч байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Ганбат хөөж, хаяаг нь бараадаж хатавчинд сууж буй Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-д түй ч хамааралгүй нөхөд хэмээн зарласан. Үүнээс цагийн дараа О.Цогтгэрэл Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулж, Д.Ганбатад хөөгдөөд байсан Н.Ганибалыг томилж бантан болгосон билээ.
Ээлж дараалан хөөж, хөөгдсөн Д.Ганбат, О.Цогтгэрэлийн хэн хэн нь эл үйлдлээ ирэх сарын 5-нд болох Их хуралтай холбон, хутган үймүүлэгч нь эрх баригч нам гэж буруутган элэг доог болов.
Өнгөрөгч 20-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал цахимаар болж “Эв нэгдлийн их хурал”-аа ирэх сарын 5-нд товлоод байгаа.
Монголын хоёр дахь том улс төрийн хүчин болох АН эрх мэдэл, эд хогшлоо булаалдсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын хөлд үрэгдэн дотоодын байтугай харилцагч улс орнуудын улстөрчдийн амны зугаа боллоо. Тэдний зодоон үргэлжилсээр.
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахдаа тулж байсан Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ энэ сарын 19-нд УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх хэмээх сэтэртэй болсон. Эбэ-гийн дуу хоолой гэсэн үг.
Тэрбээр шинэ сэтрээ зүүсээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, хотын дарга Д.Сумъяабазар нарын хуудуутай явдлын талаар лайв хийж эхлэв. Өчигдөр Х.Баттулга, Ц.Нямдорж, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, “Херо”-гийн Л.Баатар нарыг АТГ-т шалгуулахаар өглөө. Харамсалтай нь, энэ бүгдийг шударга үнэнийг эрж хайсан иргэн Д.Мөнх-Эрдэнийн дуу хоолой, үйлдэл гэж харахаасаа илүүтэй Эбэ-гийн нүүдэл гэж тайлбарлагсад их байна.
Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж нар урт удаан жилийн хоршин тоглогчид.
Өнгөн дээрээ өстөн мэт харагддаг ч ингэж харагдуулж тоглодог маневр мань хөгшчүүлийн аль алинд бий. Мэдлэг, боловсролоор дулимаг Д.Мөнх-Эрдэнийг консул болгон өөд татсан хүн бол Эбэ. Тэгэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг АТГ-д матсан нь булзааруулах тактик төдий харагдаж байгаа юм. Ингэхгүй бол Ерөнхий сайдынхаа зөвлөхийг оролдсон нүгэлтэн болж “там”-д унах байсан биз.
Ц.Нямдоржийн өндөр үнэтэй амбаар, нууц амрагуудын хэрэг гэдэг бол үнэндээ улиг болсон сэдэв. АТГ-ын шалгалтаар хэдэнтээ орчихсон. Тиймээс АТГ-аас Ц.Нямдоржид холбогдох асуудалд шалгалт явуулж цаг үрэх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр, үзэсгэлэнт хос амбаарынхаа дээгүүр дрон нисэлдэхийг хараад тайван амгаланаар цай оочлоод суух хүн Ц.Нямдорж мөн үү. Жинхэнээсээ ийм явдал болбол МАН-ын генсэкийн энгэрийн сарнай гэгддэг Обуна нь харайж ирээд “буудаад” унагачих байсан биз.
Дуучин С.Жавхлан хүртэл “төв талбайн тийрэн” гэж хэлүүлэхдээ тултал адлагдан суулт зарлаж, Засгийн газраас 4 тэрбумыг шантаажилсан хэрэгт унан барин чичлүүлж явааг ч Эбэ, Нямка хоёрын хоршил гэж байгаа. Тэрбайтугай “Хамаг Монгол” төслийг санхүүжүүлэгч гэгддэг Эбэ талбай дээрх өчигдрийн тойрон бүжгийг “дэглэсэн” гэнэ.
Ц.Нямдорж Ц.Элбэгдоржийн аль алинд хамтарч байгаад АН-д төдийгүй МАН-д хувьсгал хийх түмэн шалтгаан бий.
МАН-ын Их хурал ирэх сард болно. Их хурлаар намын дарга, Ерөнхий сайдын асуудал хөндөгдөнө. Энэ үеэр Н.Энхбаяр барьцаа ахиулна. Энэ бол Ц.Нямдоржийн хувьд зүгээр сууж болохгүй шалтаг.
Н.Энхбаяр хүүгээ УИХ-ын гишүүн болгоод сэтгэл ханах нэгэн биш. Эцсийн зорилго ч тэр бус.
Оймстой нь гозолзуулсан нөхдөөс хариугаа авах цаг мөч алхам алхамаар ойртож байхад тэр юунд зогсох билээ. Тэрбээр АТГ-т ачигдахын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн өрөөнд хэдэнтээ орж, аврал эрсэн талаараа өөрөө хэлдэг. Харамсалтай нь тэр халгаагаагүй.
Үнэндээ Ц.Нямдорж Н.Энхбаярт туйлын дургүй. Үүнийгээ ч нуудаггүй. Ямартаа Н.Энхбаярыг саатуулагдсаны дараа “Манайх телевизгүй учир юу болсныг үзсэнгүй” гэж басамжлан мушилзаж байхав. Иймээс Н.Энхбаярын байр суурь нам дотор батжих нь Ц.Нямдоржид хамгийн их түгшүүртэй байгаа юм.
Ядаж байхад МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг дэргэдээ авч, түүний үгнээс сөөм гажихгүй амьдрах болсон. Тиймээс “Херо” Л.Баатар, Х.Нямбаатар гэх эмзэг цэгээр буюу ах дүү, төрөл төрөгсдөөр нь оролдож эхэлсэн нь энэ гэх яриа намын тогоонд нууц байхаа болив. Д.Сумъяабазар хотын дарга болмогцоо Циркийн арын нийтийн эзэмшлийн зориулалтыг өөрчлөн Д.Дагвадоржийн эхнэрт өгсөн асуудлыг ил гаргаж ирсэн нь ч Нийслэлийн МАН-ыг эрхшээлдээ оруулахаар хөдөлсний баталгаа гэж байгаа.
Эцсийн дүндээ Увсын бүлэглэл, Сү.Батболдын хүрээлэл У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг басч яваад ийм байдалд хүрсэн нь үнэн.
Оройтсон ч гэлээ зүгээр суултай биш. Н.Энхбаяр өөрийгөө гололгүй унаж босон мөлхсөөр энэ хүрчихээд байхад ядаж л “Монголын төмөр зам”-ын удирдлагыг Х.Баттулгад алдаж болохгүй шүү дээ.
Гэвч тэд оройтсоныг Х.Хэрлэнгийн томилгооноос ойлгож болно.
Х.Хэрлэн “УБТЗ” ХХН-ийн дарга болохтой зэрэгцэн У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан айлчлал товлогдчихлоо. Чухамдаа Х.Баттулга Увсын бүлэглэлээс өрсч У.Хүрэлсүхтэй тохироо хийн Х.Хэрлэнгээр “УБТЗ”-ыг мануулж амжив.
Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувийг хэрхэн халаасласныг тэр мэднэ.
“УБТЗ” ХХН ч яг тэр замаар золигт гаран хувьчлагдчих дөхөв. Одоо харин хэсэгтээ амсхийж болох нь. Х.Баттулгын хувьд Х.Хэрлэнг зайлуулах тийм төвөгтэй биш.
Улаанбаатар төмөр замаа түр хойш тавиад Рио тинтод анхаарал хандуулахгүй бол Оюутолгойн асуудал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын алган дээр амь тавихаар болж байна. Сү.Батболдын фракц унтарч байгаа галаас ялгаагүй байгаа энэ үед “Рио Тинто” Монголын талд өөрсдийн хувиа зарж, дабль ашиг хийж аваад алга болох бэлтгэлээ хэдийнэ базаачихсан бололтой.
“Рио Тинто” компани Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалтаа хэд нугалаад аль эрт халааслачихсан.
Тэдэнд гүний уурхай руу орж үйл тамаа идэнгээ гэдсэндээ хөлөө жийлцсэн хэдэн тэнэг монголчуудтай үзэлцэх хэрэг байхгүй. Гэлээ гэхдээ үүргэвчээ үүрээд гараад явчихаж бас болохгүй. Олон улсын түвшин дэх нэр нүүрээ бодолцох хэрэгтэй.
Монгол ноёд хатдын дунд яс хаяж, монголчууд өөрсдөө хөрөнгө оруулалт хүсээгүй, хөрөнгө оруулагчдыг хөөж, баалдаг гэх мессэжийг үлдээгээд гарч явах нь Рио тинтод гоё.
Тиймээс хөрөнгө оруулагчдыг ад үзсэн, хөөж туусан үзэгдэл их бага хэмжээгээр үүсэх хэрэгтэй байсан учраас Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарын гараар могой бариулж Хөрөнгө оруулалтын тухай хууль нэртэй ч Гадаадын иргэн харьяатын асуудлыг оруулан, өнөөх нь чуулганаар хэлэлцэх асуудлын нэлээд хойгуур буюу 52-т жагссан байсныг нь УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ руу яваад ирснийхээ дараахан яаралтай хэлэлцэх төсөл хэмээн түргэн дээр нь тавиулж, бүх юм яаг Рио тинтогийн хүссэнээр явж байлаа хэмээн зарим эх сурвалжаас хэлж байна.
Монголд хөрөнгө оруулалт хэрэггүй, хөрөнгө оруулагчдыг хөөж гарга хэмээн сошиалд хүчтэй давалгаа үүсэх ёстой байсан бөгөөд үүгээр шалтаглан өрөнд баригдан өтөнд идэгдээд байсан Рио тинто уйлан хайлан гомдоод, Монголоос гарч явах байсан юм байх…
Ийм сценари бичигдэн, энэхүү ажиллагааг нь Сү.Батболд, Д.Цогтбаатар нар хилийн чанадаас удирдсан, тэрбайтугай гадныхныг үзэн яддаг, үгүйсгэдэг зарим нэг хөдөлгөөнийхнийг ч хөлсөлсөн байсан гэлцэж байна.
Бүх юм төлөвлөснөөр өрнөж, түс тас түмпэн шанагадаа тулчихсан явж байтал гэнэт хүүхнүүд нь уйлалдан муудалцаж, өөрийгөө өөрөө муулуулж, эргээд түүнийгээ өмгөөлүүлдэг улстөрийн хорон технологи ашиглан үндсэн сэдвээсээ халин самрагдсан тул хилийн цаана явсан Д.Цогтбаатар яаран сандран буцаж ирсэн гэнэ.
Улстөрөөс хэт холдсоны уршиг болж, УИХ-ын гишүүн Н.Учрал хүртэл хүүхнүүдийн бохир технологид оролцон эхний төлөвлөгөөг нь санамсаргүйгээр гажуудуулсан тул “Монголын Засгийн газар Рио тинтогийн саналд хариу өгөхгүй удааж байна” гэх удаах сценариа бичин өнөөдрөөс цацаж эхэлсэн бололтой. Энэ ажиллагааг мөн л Д.Цогтбаатар удирдаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна.
Дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо