Манай сонин энэ сарын 6-ны дугаартаа “Монголын газар шороонд цөмийн хаягдал булшлахыг санаархаж байна” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан. Уг нийтлэлийн үргэлжлэлийг хүргэж байна. Хэрвээ одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Монгол Улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлагдвал сайн, муу хоёр талтай. Энэ хууль хэрхэн, яаж батлагдах нь вэ гэдэгт гадаадынхан анхаарлаа хандуулчихаад байгаа нь мэдээж. Яагаад гэхээр энэ хуульд хаягдал хадгалах үйлдвэрийн тухай яригдаж байгаа. Мөн цөмийн болон химийн хог хаягдлыг хадгалах үйлдвэрт асар их мөнгө эргэлдэх болохоор тэр. Ер нь дэлхийн улс орнууд ганцхан цөмийн хаягдал гэлтгүй химийн гаралтай болон хуванцар бүтээгдэхүүнийхээ хог хаягдлыг тусгай технологи бүхий саванд хийж хэдэн зуун метрийн гүнд хадгалдаг үйлдвэртэй. Цөөхөн улс л өөрийн орондоо химийн болон цөмийн хог хаягдал хадгалах үйлдвэртэй байдаг. Ялангуяа Европийн орнууд дахин боловсруулах боломжгүй бүтээгдэхүүнээ хаягдал хадгалах үйлдвэртэй улсад өндөр үнээр худалддаг бизнес дэлхийд ноёрхоод эхэлчихсэн.
Тухайлбал Герман, Франц, Швейцарь, Бельги зэрэг орнууд энэ бизнест гол анхаарлаа хандуулж байна. Энэ бол дэлхийд нэгэнт тогтчихсон томоохон бизнес. Манай улс дээрх хуулиа баталж стандартад нийцсэн цөмийн болон химийн бүтээгдэхүүний хаягдал хадгалах үйлдвэртэй болчихвол ихээхэн хэмжээний мөнгөний урсгал монгол руу урсах сайн талтай. Монгол орны уужим өргөн нутагт иймэрхүү үйлдвэр хэд хэдийг ч барьчих боломжтой. Гагцхүү сүүлийн үеийн техник технологи бүхий хадгалах үйлдвэртэй байх нь чухал. Франц улс хаягдлаа Германд мөнгө төлж хадгалдаг. Одоогоор дэлхийн стандартад нийцсэн хадгалах сав бүхий үйлдвэрийг германчууд л сайн хийж байгаа. Цөмийн болон химийн бүтээгдэхүүнийг эх орныхоо газрын хөрсөнд хадгалах нь асар их мөнгө олох л сайн талтай.
Энэ бизнес дэлхийн томоохон гэмт хэргийн бүлэглэлийн анхаарлыг Монгол руу хандуулах эрсдэлтэй
Нэгэнт манай улсад хаягдал хадгалах үйлдвэр байгуулах тухай яригдаж байгаа учир муу талыг нь ч гэсэн харах хэрэгтэй. Монголд цөмийн хаягдлыг булшлах тухай асуудал 1994 онд яригдаж эхэлсэн ч тэгэсхийгээд намдсан. Харин энэ бизнесийг оросын гэмт хэргийн бүлэглэл тосч авсан гэдэг.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хаягдлаа, цөмийн болон химийн хог хаягдал хадгалах үйлдвэртэй улс орнуудад худалддаг. Үүний хажуугаар дэлхийн томоохон гэмт хэргийн бүлэглэлүүд энэ бизнест оролцдог нь хэдийн тодорхой болсон. Хэдэн тэрбумаар яригдах мөнгөний бизнес тул хаягдлын үйлдвэр байгуулагдахтай зэрэгцээд тэд үүнд анхаарлаа хандуулдаг. Гэмт хэргийн бүлэглэл хаягдлаа мөнгө өгч хадгалуулж, хадгалж байгаа хоёр компанийн дундуур орж бага мөнгөөр хаягдлыг нь хаях санал тавьдаг байна. Ингээд хаягдлаа бага мөнгөөр мафийн бүлэглэлд тухайн компани зарж, харин мафийнхан уг хаягдлыг улс орны хилээр нууцаар гаргаж тухайн улсын газар нутагт хаядаг байна. Тухайлбал Швейдийн Базель- Германы Марк третвиц- Беларусын Брест-Улан-Үдийн Тальци боомт гэсэн дамжлагаар Оросын Сибирт хүн амьтан амьдардаггүй газарт хаядаг байж. Харин цөмийн болон химийн хог хаягдлыг хилээр ямар нэгэн асуудалгүй оруулахыг оросын талын мафи хариуцаж гаргаж байсан нь тухайн үедээ баригдаж ял шийтгэлээ авчээ. Гэвч энэ хэргийг хийж байгаа хүмүүсийг барьж илрүүлэн шийтгэсэн ч гэлээ цаана нь дахиад л гэмт хэргийн бүлэглэл гарч ирдэг. Энэ хэрэг одоогоос 15 жилийн өмнө гарч байсан юм. Уг хэрэгт Монголын хоёр залуу холбогдож тухайн үедээ шуугиан дэгдээгээд авсан. Харин тэр хоёр залуу зөвхөн орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул хэргээс мултарсан гэдэг.
Эрх баригчдыг гэмт хэргийн бүлэг ашигладаг
Цөмийн хаягдлыг булшлах бизнес асар их мөнгө эргүүлдэг учир гэмт хэргийн бүлэглэлүүд зарим орны улс төрийн хүчийг ашигладаг аж. Тэд хямд төсрийг нь бодож Африкийн хүн амьтан амьдардаггүй газар болон далайн гүнд хаягдлыг чингэлэгт хийж хаясан тохиолдол бий. Тухайн улс оронд хаягдал хадгалах үйлдвэр байдаггүй учир эрх баригчдынх нь мөнгөний ашиг сонирхол дээр дөрөөлж хүслээ биелүүлдэг аж. Хэрвээ манай улсад дээрх хууль батлагдаж үйлдвэртэй болж, хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаа болбол сайн талтай. Харин үүнийг далимдуулан гэмт хэргийн бүлэглэлийн сүлжээ Монголд орж ирвэл үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэднэ. Гэмт хэргийн бүлэглэл орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Дэлхийн аль ч өнцөг буланд их мөнгөний үнэр үнэртэнэ тэд тэнд л байдаг жамтай. Тэгэхээр хоёр улсын хоорон дахь шинэ бизнест тэд анхаарлаа хандуулах л байх. Одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөлд зарим гишүүн зөвхөн өөрийн орныхоо бүтээгдэхүүний хаягдлыг л боловсруулж хадгалах гэсэн гадны нөлөөлөл орохгүй байх саналыг дэвшүүлж байсан. Энэ нь гадны гэмт хэргийн бүлэглэл болон бусад улс орны хаягдлыг хор уршигт хордохгүй байх сайн талай. Харин нөгөөн талаараа нэгэнт л хадгалах үйлдвэртэй болсон тул гаднаас орж ирэх их мөнгөний урсгалыг хаах муу талтай юм. Ингэхээр уг хуулийн төслийг хэлэлцэх явцдаа зарим зүйлийг анхаарахгүй бол “хуулийн цоорхой” гээчээр ямар ч асуудал үүсч мэднэ. Уг хуулийг батлуулах гээд гүйж байгаа гишүүд ч ар араасаа үүсч мэдэх хор хохирлыг нь бодолцох хэрэгтэй болжээ.
| Сэтгэгдэл |
|





