ЭНЭ ЗУН МАНАЙ УЛСАД БОЛОХ ОУ-ЫН ТОМООХОН УУЛЗАЛТУУДЫН ТОВ ГАРЧЭЭ

0
150

Гадаад харилцааны яамнаас энэ зун Монгол Улсад болох ОУ-ын томоохон уулзалтуудын талаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 21-22-ны өдрүүдэд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн анхдугаар хурал Улаанбаатар хотноо болох аж. Манай улс энэхүү судалгааны төвийг Улаанбаатар хотод үүсгэн байгуулах саналыг 2006 онд дэвшүүлсэн байна. Үүний дагуу 2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад хийсэн айлчлалын үеэрээ дээрх төвийн шавыг тавьжээ. Мөн тус төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээрийг НҮБ-тай хамтран байгуулсан байна.

Захирагчдын зөвлөлийн анхдугаар хуралд олон талт хэлэлцээрт нэгдэн орсон Афганистан, Балба, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай зэрэг хэд хэдэн улсын төлөөлөгч оролцож эрх зүйн баримт бичгүүдээ батлахын зэрэгцээ Гүйцэтгэх захирлаа сонгох гэнэ. Улмаар ОУСТ-ийн гүйцэтгэх захирлын сонгуульд манай улсын төлөөлөгч нэр дэвшээд байгаа юм байна.

Мөн зургадугаар сарын 14-15-ны өдрүүдэд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын  V бага хурал болох гэнэ. Энэхүү хуралд БНСУ, БНАСАУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсууд оролцох аж. Түүнчлэн АНУ, Европын холбоо, НҮБ-ын төлөөлөл оролцоно.

Харин долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал болох юм байна. Хуралд Ази, Номхон далайн орнуудын 60 гаруй улсын Засгийн газрын төлөөлөгч болон олон улсын байгууллагууд оролцох гэнэ. “Гамшгаас урьдчилан сэргийлэх замаар Тогтвортой хөгжлийн ололтыг хамгаалах нь” сэдвээр зохиогдох энэхүү хурлаар “Улаанбаатарын тунхаглал”, “Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг Азийн бүс нутагт хэрэгжүүлэх 2018-2020 оны төлөвлөгөө”-г батлах ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!