ЦАЛИН БИТГИЙ НЭМЭЭЧ ЭЭ, БАРААНЫ ҮНЭ ӨСЧ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЧИНЬ ТУЙЛДАЖ БАЙНА…

0
215

Эмч, эмнэлгийн ажилтан, багш нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, улмаар жагсаал цуглаан хийснээр НХХЯ, МҮЭ, МАОЭНХ гурван талт хэлэлцээ хийж цалинг 30 хувиар нэмэх тохиролцоонд хүрсэн байв. 2010 оны дөрөвдүгээр сард болсон эл үйл явдлын дараахан өргөн хэрэглээний барааний үнэ тэнгэрт хадсан. Тухайлбал, 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 2010 оны 3 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 3.3 хувиар өссөн байв. Махны дундаж үнэ гэхэд 7.7-23 хувь болтлоо өссөн. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хөлд нь хувийн хэвшлийнхэн чирэгдэж байхад эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр болсондоо хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж байлаа.

Иймэрхүү байдлаар үе үеийн Засгийн газрыг сүрдүүлж, шантаажлах хэлбэрээр цалингаа нэмүүлэхээр ардын багш, алтан гарт эмч нар гудамжинд гардаг уламжлал тогтох янзтай. Тэд хэдэн өдөр өвчтнөө, сурган хүмүүжүүлэх учиртай сурагчдаа хаяж, лоозон барьж гүйснийхээ хүчинд хамгийн сүүлд гэхэд 300 мянган төгрөг халааслаад дөнгөсөн. Өдгөө төв талбайд суулт зарлаж, мөн цалингийн нэмэгдэл шаардаж байна.

Гэтэл төрийн түрийвчин дэх мөнгөний талыг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг атлаа өнөөдрийг хүртэл өргөн хэрэглээний барааны үнэ өслөө хэмээн дуугарч, гоншигнож байсангүй. Харин ч ойворгон бодолтой төрийн албан хаагчдын хөлд чирэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэд цохиулсан шигээ өдөр хоногийг өнгөрөөж байна. Айл гэрт нэг л төрийн албан хаагч бий. Магадгүй 2-3 төрийн албан хаагчтай айл бий биз. Тэдний цалин 20-30 хувь нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ мөн хэмжээнд нэмэгдсэнээр хэн хожив. Цалингаа нэмүүлсэн төрийн албан хаагчид тэр хэрээр өссөн өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал нь яг хэвээр. Гэвч эрхэм төр, төсвийн алба хаагчдаа… улстөрийн ашиг хонжоо хайгч увайгүй нөхөд өө… Та бүхний бодлогогүй шоудалтын сүүдэрт хувийн хэвшилд ажилладаг ах дүү, амраг садан чинь өртөж, өдрөөс өдөрт ачааны хүндийг амрах чөлөөгүй үүрч явааг мэдэх үү.

Тэр бүрт нэгдэн нийлж дуугараад байдаггүй хувийн хэвшлийнхэн цадигаа алдаж, өвчтнөө хаяж, цагаан халаадаа тайлж шидчихээд гудамжинд суугаа эмч нараас амьдрал, ачаа өөр үү. Эмч, сувилагч та хүний амь аварч байгаа бол хувийн хэвшлийнхэн баялаг бүтээж байна. Хэн хэн нь амьдралын төлөө явж байгаа ч төрийг шантаажилж, өнөөдрийн амьдралдаа өөрөөсөө өөр хэн нэгнийг буруутгасангүй.

Алдагдалтай ажилладаг юм бол төрийн өмчит компаниудыг тэжээх ямар хэрэгтэй юм бэ гэгчээр ажил мэргэжлээ шантааж болгосон ийм төрийн албан хаагчдын хэрэг байна уу, Ерөнхий сайд аа. Ажлын байран дээрээ хүнд сурталтай, хүнлэг бус, дээр нь зардал өндөртэй төрийн албан хаагчид яг үнэндээ олон нийтэд зүрх сэтгэлээрээ туслаж чаддаг бил үү? Яг үнэндээ хамгийн их хүнд суртал, хэцүү бэрх ааш авирыг бид захын наад төрийн байгууллага, эмнэлэг, эмч сувилагчдаас авдаг биз дээ. Сувилагчид таван цаас атгуулж байж арай аятайхан аашны бараа харна.

Хэрэв эмч сувилагч, багш нарын цалин нь үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байгаа бол Төрийн албан хаагч байхаа больчих л доо. Хувийн хэвшилд ажилла. Ядуусын эмнэлэг байгуулаад бусад нь төлбөртэй болж хөгждөг дэлхийн жишиг рүү л орохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй! Эх орны дархан хилийг манаж буй цэргийн алба хаагчид яг адилхан л ажиллаж хөдөлмөрлөдөг, тэдний зарим нь эмч багш нараас ч бага цалин авдаг, гэлээ гээд өргөсөн тангаргаасаа няцаж, хилээ хаяад гүйж ирээгүй байна. Хатуухан хэлэхэд, эмч, багш бол гэж Төр таныг албадан хөдөлмөр эрхлүүлээгүй гэдгийг сана. Та өөрийнхөө хүсэл зоригоор л эмч, багш гэх эрхэм мэргэжлийг сонгосон биш үү. Өнөөдөр цалин нэмлээ гэхэд маргааш өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ, чанарын ямар ч ялгаа гарахгүй… Эцсийн үнэн, системээ л өөрчлөх хэрэгтэй адгийн тэнэг ч мэдэх учиртай. Өнөөдөр эмч нарын цалинг хүүхдийн мөнгөө хасаад болов нэмье, маргааш хэний хоолыг хасч багш нарын цалинг нэмэх бол.

Хариуцлага яригдахаар бүгд чимээгүй болчихдог хэрнээ, цалин ярихаар үсээ хүртэл хусдаг эмч нар эцэстээ улс төрийн шоуны хэрэглүүр төдий болж хувирсанаа ч анзаарах сөхөө алга. Төв талбайд үсээ хусч сүржигнэсэн нэг нөхөр гэхэд АН-ын гишүүнчлэлтэй. Тэр дундаа өнөөгийн Ерөнхийлөгчийн фракцид харьяалалтай эрхэм. Үнэхээр л цалин мөнгө чинь хүрдэггүй, амьдрал ахуй хүнд байсан юм бол ёстой л АН-ынхныг бондын мөнгөөр туйлж байхад нь цалингаа нэмүүлнэ гэж суухгүй яав. Иймэрхүү шоудалтаас тань болж удаа дараа юмны үнэ өсч, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настангууд чинь туйлдаж, тартагтаа тулж байна, сэхээтнүүд минь.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!