НАЙРАМДАЛ ЗУСЛАН НЬ МӨНГӨ УГААГЧ БИЧИЛ “УУРХАЙ” ЮМ БИШ БИЗ?

0
91

А.И.Цэдэнбал-Филатовагийн Монголын хүүхэд, багачуудад зориулан байгуулж өгсөн “Найрамдал” зуслан өдгөө ч өнгө зүсээ алдалгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Жилээс жилд амрагч хүүхдүүдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр эрхийн бичиг олж авна гэдэг амаргүй даваа байх болсон. Найрамдал зусланд амрахын тулд шөнө дөл болтол дугаарлаж зогсдог үе ч байлаа. Гэсэн ч амрах эрхийн бичгээ авч чадалгүй сэтгэлээр унаж, урвайдаг багачуудын тоо буурахгүй хэвээр. Тиймээс амрагч хүүхдүүдийг цахимаар бүртгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр эрхийн бичгийн олдоц ховор, мөн ар өврийн хаалгаар илүү эрхийн бичиг худалддаг асуудал эцэслэгдэнэ хэмээн эрх бүхий албан тушаалтнууд попорч байсан. Гэвч бодит байдал дээр бүр ч урвуугаар эргэж, ёстой нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гээч болов бололтой. Ил тод дугаарлаад болов эрхээ авдаг байсан байдал цахим нэрээр харин ч нууц далд байдалд шилжин, ирээдүйн томоохон авлигачдыг бэлтгэх бяцхан шат дамжлага мэт болж. Үндсэндээ бага гарын авлигачдын сургалтын талбар гэж хэлж болохоор цэцэрлэг яслийн бүртгэл, хүүхдийн амралт сувиллын хуваарь зэрэгт анхаарал тавихгүй бол нэгэнт болохоо больжээ, Авлигатай тэмцэх газрынхаан. Тэнд айлын хүүхдүүдийг алагчилж, ар өврийн хаалга, атгасан мөнгөний их багыг жинхэнэ сорьдог газар болсон бололтой дог.

Тухайлбал, дээр дурьдсан олон улсын хүүхдийн Найрамдал зуслан зуны 6-8 ээлжийн бүртгэлээ энэ сарын 14-ний өдрийн 14:00 цагт цахимаар эхлүүлжээ. Хачирхалтай нь анаж байгаад хүүхдээ бүртгүүлэх гэсэн эцэг эхчүүд бүртгэлээс аль хэдийнэ хоцорсон байна гэнэ. Бүртгэлийн хуудас руу зарласан цагт буюу 14:00 цагт нь ортол бүртгэл аль хэдийнэ дүүрсэн байсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлэв. Өөрөөр хэлбэл, 14:03 цаг буюу гуравхан минутын дотор 1000 хүүхдийг бүртгэсэн гэсэн мэдээлэл эцэг, эхчүүдийн нүдийг орой дээр нь гаргажээ. Хэдийгээр амрагч олонтой, хэн хүнгүй боломжийг анаж байдаг ч 3 минутын дотор 1000 хүүхэд бүртгэчихнэ гэдэг гайхалтай. Ямар хүчирхэг, хурдан шуурхай бүртгэл вэ, энэ чинь. О.Доржсүрэн захирал аа, таны энэхүү хурдан шуурхай бүртгэлийн цаана, хөшигний ар талд эрхийн бичгийн дамын наймаа давхар цэцэглэж байж болзошгүйг эрхбиш гадарладаг л байлгүй дээ. Арай ч билет, квот даган шижигнэдэг шагийн наймаа эрхэм таны халаасанд орчихоогүй байх гэж найдъя… Хэдхэн минутын дотор бүртгэл дүүрсэн гэх эгдүүцэл төрүүлэм “Найрамдал”-ын амралтын эрхийн бичиг харамсалтай нь хоёр, гуравхан хоногийн дараагаас үндсэн үнээсээ 2-3 дахин нугалсан өртгөөр зарагддаг гэдгийг эцэг, эхчүүд бүгд мэддэг болж. Тиймдээ ч О.Доржсүрэн захирал таныг хардаж, хардсандаа бухимдан жихүүцэж байна. Өнгөрсөн жил ч яг ийм процесс болсныг хүүхдээ амраах гэж ядсан иргэд хэлж байгаа юм. Өнөө ч амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр амралтын эрхийн бичгийнхээ 50-60 хувийг ченжүүдийн гарт шилжүүлж, хэсэг бүлэг “хамаатан”-аа “тэжээхээр” зохицууллаа гэх хардлага нийгэмд түгчихлээ.

Ийнхүү амрагч олонтой, тэднийгээ үргэлж бухимдуулж, дарааллаар дарамталж байдаг “Найрамдал” зуслангийн төсөв рүү эрхгүй шагайх сонирхолд хөтлөв. Бас л хэтийдсэн хэд хэдэн үзүүлэлт ажиглагдана. Шилэн данснаас “Найрамдал” зуслан нь товчхондоо “Эрдэнэт” үйлдвэрээс дутахааргүй бичил мөнгөний уурхай юм биш үү гэх сэтгэгдэл илэрхий төрүүлж байна. Он гарсаар зөвхөн нэгдүгээр сард гэхэд “Зориг сан” сурагчдын амралтын төлбөр болгож 5.5 сая төгрөг,  “Эрдэнэт 13 дугаар сургууль” 6.6 сая, “Оюунлаг” сургууль 5 сая, Дэлхийн зөн 9.338.000.00 төгрөгийг хүүхдийн амралтын 40 хувийн урьдчилгаа болгон шилжүүлсэн байгаа юм. Мөн “Энто” ХХК 6.258.000 төгрөгийг хүлээн авалтын төлбөр, Дэлхийн зөн 12.472.000 төгрөгийг үйлчилгээний төлбөрт “Найрамдал” зуслангийн дансанд шилжүүлсэн байдаг. Энэ бол зөвхөн нэгдүгээр сарын орлого байх юм. Улмаар зөвхөн энэ оны 2, 3 дугаар сард гэхэд л тэрбумаар хэмжигдэх орлого тус зуслангийн дансанд төвлөрсөн гэж байгаа.

Үүнийхээ хажуугаар улсаас санхүүжилт авдаг. Он гарсаар мөн л зөвхөн нэгдүгээр сарын санхүүжилтэд гэхэд 124.259.500.00 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шилжүүлсэн байгаа юм. Мөн эл санхүүжилтээс гадна 82.839.700.00 төгрөгийг улсаас хүлээж авсан дүн мэдээг тэдний шилэн данснаас харж болно. Улмаар гуравдугаар сарын санхүүжилт гэж дээрхтэй адил дүнтэй буюу 82.939.700.00 төгрөг шилжүүлж авсан байх. Энэ мэтчилэн сар бүр улсаас 100 мянга шахсан сая дүнтэй санхүүжилтээр угжуулж, дээрээс нь албан байгууллагын цасны баяр, аливаа тэмдэглэлт өдрүүдээр мөн сая саяар хэмжигдэх төлбөр авч үйлчилдэг “Найрамдал” зуслан амрагч хүүхдүүдээс ч ор хоног болон хоолны мөнгийг нь хангалттай дүнгээр авч байна. Түүнчлэн эрхийн бичгээ ч дээрх жишгээр үнэ хүргэж худалддаг гээд орлого мундахгүй юм. Хөдлөх бүр нь хөлс болсон газар хэрнээ төсвөөс ингэтэл тэжээлгэх хэрэг байна уу? Эсвэл төсвөөс ханатал санхүүждэг газар хэрнээ зундаа хэдэн муусайн хүүхдээсээ хэтийдсэн өндөр төлбөр авах шаардлага бий юм уу? Арай, гэгээн, цагаахан хүүхдийн ертөнцөөр бамбай хийн, мөнгө угаадаг бичил “уурхай” юм биш биз. Эгдүүцэл төрүүлж, анхаарал татсан эл газрын элдэв нарийн ширийнийг эрэн сурвалжлах цаг нэгэнт болжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!