Батсайханы Баттөгс: ҮС БҮҮ ХЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛАХАД БЭЛЭН

0
283

Монголын эрүүл мэндийн ажилтны  үйлдвэрчний эвлэлийн холбоо энэ сарын 8-ны өдрөөс эхлэн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байгаа. Тэд эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэх, сувилагчдыг төрөөс дэмжих, хүний нөөцийг тогтоох, салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх зэрэг хэд хэдэн шаардлагыг Засгийн газарт тавьсан. Шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тэд Сүхбаатарын талбай дээр “Ажил хаялтын өмнөх суулт” зарлаад байгаа юм.

Жагсаал зохион байгуулагч Монголын эрүүл мэндийн ажилтны  үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ, энэхүү суултад дан ганц эрүүл мэндийн салбарын төлөөлөл бус биднийг дэмжиж буй Шинжлэх ухааны салбарын байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, Хөдөлмөрийн салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгаалах түр хороо хамтран оролцож байгаа. Засгийн газар цалин хөлсийг минь нэмнэ хэмээн хэлэлцээр хийн биднийг олон жил хуурсан. Энэ удаа ч мөн ийм арга хэрэглэх гэж оролдож байгаа тул хэлэлцээр хийхгүй хэмээн орхин гарч ирлээ.

Бидний цалинг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан 50 хувиар нэмээч ээ хэмээн ганцхан саналыг “Улсын гурван талт хэлэлцээр”-т тавьж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмний эв нэгдлийг хангадаг хэмээн бид ойлгодог. Тиймээс энэхүү хэлэлцээрт нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Өнөөдөр бид тэмцлийн дараагийн хэлбэртээ шилжиж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна гэлээ. Мөн орон тооны асуудал үнэхээр дутмаг болсон тул 24 цагаар ажиллах ч тохиолдол бий. Шөнөжингөө өвчтөн асран нойргүй хоносон хүмүүс өдөр нь ингэж суулт хийж байна. Бидний шаардлагыг хүлээн автал бид өдөр бүр суулт хийх болно, цаашид бидний тэмцэл өдөр өдрөөр чангарна гэв.

Тэд энэ удаа тэмцлийн дараагийн хэлбэртээ орж 10 гаруй эмч үсээ хусууллаа. Тэдний нэг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Их эмч Минж Боржигон Батсайханы Баттөгстэй уулзаж ярилцлаа.

эмч нар үсээ хусууллаа зурган илэрцүүд

-Эрүүл мэндийн салбарт ажиллагсад хичнээн төгрөгийн цалин авдаг вэ?

-Манай салбарын ажилчдын дундаж цалин 300-500 мянган төгрөг байна. Талх 250 төгрөг байх үед бид одоогийнх шигээ л цалин авч байсан. Гэтэл одоо талх хэдэн төгрөг байгаа билээ. Бидний цалин нэмэгдээгүй байна. Цалин мөнгө нь хүрэлцэхгүйн улмаас манай салбарын ажилчид харийн орныг зорьж хөдөлмөр эрхлэх нь ихсэж байна.

-Та бүхний нийгмийн хангамж ямархуу байдаг вэ?

-Бид чинь эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насны төлөө тангараг өргөсөн хүмүүс. Цагаан халаад өмсөн гаднаа сайхан харагдаж инээмсэглэж явдаг ч дотроо бол бараан л байна. Авсан хэдэн төгрөгөө өндөр хүүтэй банкны зээлэнд төлж байгаа. Дан ганц эрүүл мэндийн салбар гэлтгүй өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа дийлэнх хүмүүс цалинтай ядуучуудын эгнээнд шилжин ороод байна. Манай улс бол мал сүрэг ихтэй, байгалийн баялгаараа дэлхийд тавдугаарт бичигддэг. Тийм байж гуравхан сая хүн ардаа ийм ядуухан амьдруулж байгаад гайхаж байна.

-Энэхүү жагсаалыг улс төрийн намын захиалга. Та бүхнийг мөнгө авч жагсаж байгаа хэмээн цахим ертөнцөөр яригдаж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Өнөөдөр үнэн үг хэлж, үнэний төлөө явж байгаа хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан гүтгэн доромжлох нь эрх мэдэлтэй хүмүүсийн жирийн л үзэгдэл болсон байна. Нийгэмд болж байгаа зүйлсийг иргэдэд байгаа чигээр нь хүргэх ёстой хүмүүс харин эсрэгээрээ улс төрийн намуудын халаасанд орон худал гүтгэлэг цацаж байгаад харамсалтай байна. Би өөрөө яруу найрагч хүн. Энэ салбарын болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилж ямагт үнэний талд зогсоно. Өмнө нь Эрүүгийн хуультай холбогдолтой төрийн шийдвэрийг эсэргүүцэж “Гавтай эмчийн гашуудал” шүлгээ зохиож байсан. Энэ удаа бүх эмч, сувилагч ажилчдыгаа төлөөлж “Гасалсан салбарын гуниглал” шүлгээ бичсэн. Өнөөдөр бид үсээ хусууллаа. Цаашдаа үнэний төлөө үсээ бүү хэл зүрхээ зориулах болно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!