М.Бадамсүрэнгийн толгойг хэдий болтол илэх вэ, Ерөнхий сайд аа

0
3311

Дорнод аймгийн Засаг ноён М.Бадамсүрэн Авлигатай тэмцэх газарт хэд хэдэн хэргээр шалгагдаж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед хэдэнтээ буцаагдаж байж, эл суудалд тухалсан түүнийг үнэндээ намынхан ч хүчрэхээ болиод удаж байна. Нам гэлтгүй Ерөнхий сайдаас ч өндөр эрх мэдэлтэй нэгэн гээд хэлчихэд хилсдэхгүй биз.

Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийхгүй байх зарчим баримтлан ажиллахаар болсноо орон нутгийн удирдлагуудад албан ёсоор мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн төсөвт тодотгол хийхгүй байхыг анхааруулсан юм. Гэтэл мань хүнд эл шийдвэр падлийгүй бололтой. Товчхондоо гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу удирдлагынх нь анхааруулга түүнд үйлчилсэнгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаас аймгийн энэ оны төсөвт тодотгол хийжээ. Гэвч тодотголоор батлагдсан урсгал зардлын болон хөрөнгө оруулалтын зардлын зарцуулалтын эрхийг энэ сарыг хүртэл нээгээгүй байна. Аймгийн удирдлагууд үр ашиггүй олон зардал төлөвлөсөн байсныг иргэдийн төлөөлөгчид нь шүүмжилж байсан ч үл хайхран баталсаны гор.

Улсын төсвөөс шууд санхүүждэг Прокурорын газар, Аудитын газар болон Тагнуулын газарт орон нутгийн татвар төлөгчдийн мөнгөөр Төсвийн тухай хууль зөрчин байж авто машин авч өгсөн аж. Прокурорын байгууллагаас Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд талархлын бичиг илгээсэн байдаг. Тус талархлын бичигт “Прокурорын тухай хуульд заасны дагуу орон нутаг дахь Прокурорын байгууллагын үйл ажиллагаа бие даасан, хараат бусаар явуулахад бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлж, 2018 онд Дорнод аймгийн прокурорын газарт 11.000.000 төгрөгийн техник, тоног төхөөрөмж, мөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд Ерөнхий прокурорын газрын өмнөөс талархлаа илэрхийлж байна” хэмээн Улсын Ерөнхий прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай гарын үсгээ зурж, тамгаа дарсан байна.

Хууль зөрчин байж автомашин “бэлэглэсэн” М.Бадамсүрэнгийн асуудлыг хуулийн байгууллага хэрхэн шийдвэрлэх бол. Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон үндэслэлээр М.Бадамсүрэнг Авлигатай тэмцэх газар шалгаж, хэргийг прокурорт шилжүүлээд байгаа. Товчхондоо М.Бадамсүрэнгийн хэргийг Прокурорын газар хянаж байгаа юм.

М.Бадамсүрэнтэй холбоотой газрын асуудал хэдэн боть роман болж мэдэхээр гэдгийг нутгийн иргэд нь хэлдэг. Үнэндээ ч аавынхаа газрыг хүртэл эргэлтэнд оруулж, Дорнодын талд тонгочиж байгаа нэгэн гэхэд хэтийдэхгүй биз. Тухайлбал, Засаг дарга М.Бадамсүрэнгийн А/298 тоот захирамжаар Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Антрейд” ХХК-ийн урд талд 700 метр квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшигч Мягмарсүрэнгийн газар эзэмших эрхийг Ш.Өргөнбаярт худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсүгэй гэжээ. Улмаар энэхүү захирамж гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын 2006 оны А/325 дугаар захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүйд тооцжээ. Газрын тухай хуулийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд заасан. Хуулийн дагуу Мягмарсүрэнгийн газар 2006 оны захирамжаар олгогдсон. Түүнээс хойш 10 гаруй жил үйл ажиллагаа явуулалгүй хуулиар хүчингүй болсон газрыг хүү М.Бадамсүрэн нь өөрийн гарын үсэг бүхий а/298 тоот захирамжаар бусдад шилжүүлж, зориулалтыг нь өөрчилсөн нь энэ. Магадгүй Засаг ноёны аавд энэ хэмжээний эрх мэдэл байдаг байж мэдэх юм. Мягмарсүрэн нь аймгийн Засаг дарга Бадамсүрэнгийн эцэг нь. Энэ үүднээс нь зөвтгөж үзэх учиртай байж ч болох л юм. Ашиг сонирхлын зөрчлийн хууль эцэг, хүүгийн дундуур орохгүй гэх заалттай юм даг уу.

Мөн Засаг даргын а/499 тоот, а/489 тоот, а/401 тоот, а/387 тоот, а/490 тоот, а/435 тоот, а/290 тоот, а/537 тоот, а/417 тоот захирамж гэх мэтчилэн Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуудлага худалдаанд оруулалгүй бусдад 15 жилээр шилжүүлсэн, МАН-ын тэргүүлэгч гишүүн, өөрийн найзууддаа Газрын тухай хуулийг зөрчиж нөхөн олговор нэрээр а/534, а/237 тоот захирамжаар 4 газрыг хууль бусаар олгосон, зэвсэгт хүчний 327 дугаар ангийн зүүн талд их хэмжээний газар, Хэрлэн Номингийн баруун талын газрыг дуудлага худалдаанд оруулалгүй шууд олгосон гэх мэт олон арван захирамжийг гаргасан байдаг. Засаг дарга өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд дуудлага худалдаа явуулалгүйгээр иймэрхүү байдлаар олон ч газрыг шийдвэрлэсэн гэх мэдээлэл бий.

Засаг ноён М.Бадамсүрэнгийн гарын үсэгтэй найз нөхөд, намынхаа тэргүүлэгчдийнхээ хэмжээнд газар шилжүүлж, хувааж, нөхөн олговор авах байдлаар газар эзэмших эрхийг хэсэгчлэн хуваах, газрын нөхөн олговороор ч мөн гаршиж байгаа нэгэн. АН-ынхантай нийлж, нөхдөө ар хударгаар нь тонгорч байж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хэдэнтээ ширээ шаалган босгож байж Засаг даргаар томилогдож байсан М.Бадамсүрэнгийн хэргийг хуулийн байгууллага хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэх шив. Прокурор, Аудит зэрэг байгууллагад машин авч өгч, талархлын бичиг гардсан түүний хэргийг Прокурорын байгууллага сайн л хянадаг байгаа даа.

Үргэлжлэлийг

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!