Монгол нүүрсний үнэлгээ өслөө

0
75

Монгол нүүрсний үнэлгээ өссөн таатай мэдээ дуулдаж байна. Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсэг нүүрсний үнэлгээг өсгөх хэлэлцээрийг “Чалко Трейдинг Хонконг” компанитай энэ оны тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай хийжээ.

Өнгөрсөн оноос хойш огт хөдөлгөөнд ороогүй нүүрсний үнийг эхний ээлжинд 60 ам.долларт хүргэж, одоогийн үнэлгээнээс 70 центээр өсгөх тохиролцоонд хүрч чадсан байна. Улс төрийн таагүй нөхцөл байдал, харалган бодлогын гайгаар Чалкод хямд үнээр нүүрсээ өгч, төлбөр барагдуулах байдлаар хэдэн жилийг үдсэн. Тиймдээ ч нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байсан ч хөдөлгөөнд орж чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл энэ бүхэн ард хоцорлоо.

Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар Баруун Цанхийн үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлж чадсан төдийгүй “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг тавьжээ. “Чалко Трейдинг Хонконг” компанийн тал саналыг дахин нягталж, Төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулсны дараа энэ долоо хоногт багтаан хариу өгөхөө амласан байна.

“Чалко Трейдинг Хонконг” компанитай анх зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутамд үнэ өөрчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалыг 2011 онд байгуулсан гэрээнд тусгасан байжээ. Гэвч энэхүү аргачлалд дутагдалтай тал байсан бөгөөд засч сайжруулах ажлыг эхлүүлсэн байна. Үүний дүнд томоохон ахиц гарч, хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцсон нь бас нэг амжилт юм.

Тодруулбал:

  1. Нэг индексийг нэмж оруулснаар таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхлэх боломжтой болсон
  2. Таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхэлснээр индексийн сагсны итгэлцлүүрүүд дараахь байдалтай болж өөрчлөгдсөн. Үүнд:
Өмнө нь Одоо
Ø CR China Coking Coal Price Index (60%)

Ø MB Coking Coal Index, HCC CFR China (20%)

Ø Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price (10%)

Ø Platts HCC 64 mid Vol, CFR China (10%)

Ø CR China Coking Coal Price Index (30%)

Ø MB Coking Coal Index, HCC CFR China (20%)

Ø Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price (10%)

Ø Platts HCC 64 Mid Vol, CFR China (10%)

Ø Production areas Primary coking average (30%)

Өөрчлөлтийн дүнд өмнө нь хараат шахуу байсан CR China Coking Coal Price Index нь 60 хувь байсныг 30 хувь хүртэл буурууллаа. Ингэснээр зах зээлийн өсөлтийг ашиглаж нүүрсний үнийг өсгөх, цаашид үнийг 1-1.5 жилийн дотор Цанхийн Баруун уурхайн нүүрсний үнэтэй ойртуулах, нүүрсний үнэ унасан тохиолдолд үүсч болох эрсдлүүдээс хамгаалах, үнэ хэт унахгүй байх зэрэг давуу талуудыг бий болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!