ЖУУЛЧДЫН ИРЭХ ДУРТАЙ ГАЗАР ИХ НАРТЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР БОЛЖЭЭ

0
341

Дорноговьд ирсэн хүн  байгалийн болоод түүх дурсгалын ямар газруудаар аялж байгалийн сайхныг мэдэрч болох вэ? Мэдээж Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан, Энергийн төв сэтгэл татна.
Үүнээс гадна гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлаж эрдэмтэн судлаачдын анхаарлыг татдаг газар бол тус аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийн дамнан сунаж тогтсон их хадан уулс бүхий Их нартын байгалийн нөөц газар юм.
Хүний гараар урласан уу гэмээр эртний хот балгадыг санагдуулам элэгдэж эвдэрч, сунаж тогтсон сүрлэг хадны тогтоц, хадны дундаас дүүлэн харайх аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээр хийгээд тэнгэрт эргэлдэх жигүүртэн шувууд, харь нутгаас нүүдэллэдэг нүүдлийн олон шувууд нь дөрвөн улирлын ааш аягтай хэдийнээ зохицож хэдий ч хамаагүй очиход ер бусын гайхамшгаа дэлгэдэг.

Эдүгээ энэ бүс нутагт аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт, цагаан зээр, хулан адуу, саарал чоно, шар үнэг, үнэг хярс, мануул мий, халздай дорго, хээрийн тарвага, нөмрөг тас, цармын бүргэд, шонхор зэрэг монголын ховор хөхтөн амьтад, жигүүртэн шувууд, ургамал нэгэн дор байршиж аж төрдөг.


Нөмрөг тас  дэлхийн хамгийн хөгшин, бас дэлхийн хэмжээнд мөхөж буй шувуу гэх бөгөөд Монголын нөмрөг тас нь энэ төрлийн тасын дэлхий дээр эрүүл үлдсэн сүүлчиййн тоо толгой ажээ.
Байгалын үзэсгэлэн бүрдсэн энэ нутгийн унаган экосистем хийгээд биологийн олон янз байдал нь эко туризмыг хөгжүүлэхэд  сонирхол татаж Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, АНУ-ын Денверийн зоологийн сантай хамтран 2ОО1 оноос хойш урт хугацааны төсөл дээр Америк,Орос,Герман,Монголын судлаачид, оюутнууд ажиллаж байна.

АНУ-ын Денвер Зологийн сангийн мал эмч мэргэжилтнүүд, МУИС-ийн профессор, судлаачид, оюутнуудын хамтарсан баг Ихнартын  байгалын нөөцийн газарт ажиллаж аргаль, янгирт  дохиолол бүхий хүзүүвч суулгах ажлыг хийсэн.
Судлаачдын үзэж буйгаар говь, хээр хосолсон цөлөрхөг энэ бүс нь дэлхийд ховордоод  буй аргаль, хонины өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар гэж үздэг юм.
Өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, хүний зүй бус үйлдлээс байгаль, ан амьтны унаган төрхийг хамгаалахын тулд гадаад дотоодын байгууллагын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа төдийгүй орон нутгаас  таван  хүний бүрэлдэхүүнтэй Хамгаалалтын захиргааг байгуулж 2013 оноос эхлэн албан ёсоор ажиллуулж эхэлсэн.
Их нартын байгалийн нөөц газарт 1990-ээд оны сүүлчээр 300 гаруй аргаль угалз байсан бол өнөөдөр 1000 гаруй болж үржсэн гэх албан бус мэдээлэл бий.

Энд жил бүр тусгай сонирхлын  жуулчид цөөнгүй ирдэг. Тухайлбал, гэрэл зурагчид байгалийн торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгадаг тул  биологич, амьтан судлаач зэрэг эрдэмтэд судалгаа шинжилгээ хийдэг байна.
Энд байх Халзан уулын рашаан нь ходоодны үрэвсэл, нугалаа гэдэсний шархлаа, элэг цөс, нойр булчирхай, цус багадалт, тэрчлэн судасны хатуурал, зүрх судасны өвчин, сахарын өвчинд нэн сайн хэмээдэг юм. Саванд тосоод шууд хүртэхгүй бол савлаад хэдхэн минут болоход л нөгөө хүчиллэг амт нь алга болдог гэдэг. Иймд хажууд нь сувиллын газар байгуулсан ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!