Парламент дахь “өндөр өсгийт”

0
266

Саяхан даа. Хууль тогтоох дээд байгууллагын танхимд өндөр өсгийт, дэгжин хөдрөгтэй нэгэн хүн гөлөмцүү орж ирээд, ширээнээ тухалсан яриа өвсөнд тавьсан түймэр шиг цахимд шуугиан тарьсан. Тэр хатагтай бол парламентад анх удаа сонгогдож орж ирсэн Б.Ундармаа гишүүн байлаа. Түүнийг эл үйлдлээр нь өдгөө түмэн олон андахгүй нүдэлж.

Гэхдээ тухайн үед тэрбээр бүсгүй хүн болсон хойно согтуу хөлчүүгээрээ дуудуулан яаж дуугүй байх билээ. Удаа дараа “Би согтуу байгаагүй. Зүгээр ядарсан байсан. Би архи дарс огт уудаггүй. Уусан ч найз нөхдийн хүрээнд дарс л ууна уу гэхээс хатуу зүйл хэрэглэдэггүй. Тухайн үед Н.Амарзаяа гишүүн надаас юм асуух гээд “Ийшээ суучих” гэсэн юм. Бид хоёр хэдэн үг солиод босохын төдий агшныг олон нийтийн сүлжээгээр цацсан байна лээ. Энэ бол нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлнэ. Хоёрдугаарт, гишүүдийн нэр төрд халдаж байна. Хэн, хаанаас авч тараасан зэрэг бүх мэдээллийг бид мэдэж байгаа” хэмээн мянгантаа мэдэгдэл хийв ч ард түмэн сонсох дуртай зүйлээ л сонсдог хойно хэн ч түүнийг сонсохыг хүсээгүй. Ядаж байхад төр түшилцэх түмний үйл хэргийг ялангуяа, эмэгтэй гишүүдийн биеэ авч яваа байдал, өмсч зүүх, хэлэх үг, хийх үйлдэл нь олны анхаарлын төвд байж, шүүмжлэл хүлээх нь түгээмэл байдгийг хэлэх үү. Хөөрхий тэр согтуу байсан болоод л үлдсэн. Үнэндээ согтуу байсан уу, үгүй байсан уу бүү мэд. Ямар ч байсан түүний үйлдэл эрхэм гишүүнийг олонд таниулсан “гавьяа”-тай, домгийн ч юм уу…

Тэгэхээр эрхэм гишүүний өөрийнх нь тодотгосноор өдрийн цайндаа орж амжихгүйгээр төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа түүнийг “Бишрэлт”-ийн гэх шошгоор нь олон хүн танина. Сонгууль бүрээр Сонгинохайрхан дүүрэгт зодоглож явдгаар нь тус дүүргийнхэн ч андахаа больсон гэхэд хилсдэхгүй биз. Дөрвөн жилийн давтамжтайгаар байдгийнхаа баруун хаяагаар үзэгддэг тэрбээр бусад цагт нь намынхаа томоохон хандивлагчдын нэг байсныхаа буян заяаг эдэлдэг гэх үү дээ. Тухайлбал, БСШУ-ны дэд сайд, Хөрөнгийн биржийн захирлын албан тушаал хашсан шигээ явдаг нэгэн.

Энд нэг зүйлийг онцлоход, хүний халаас руу өнгийх муухай ч эрхэм гишүүний хөрөнгө мөнгөний тоо өөрийн эрхгүй сонирхол татлаа. Зүй нь төр зайдалсан эрхмүүдийн нүүр нь гэрэлтэж, бизнес нь “өргөждөг” бичигдээгүй хуультай манай улсад энэ гишүүн л уруугаа харсан пирамид өрж суугаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, түүний хөрөнгө мөнгөний хэмжээ жилээс жилд жижгэрсээр байх юм. Эсвэл АТГ-ынхан ганц, хоёр орон орхигдуулж бичсэн үү, эс бөгөөс Б.Ундармаагийн бизнес уналтад оров уу, хөрөнгө орлого нь нэг л биш. Учир нь тэрбээр унаж, босож хэдэнтээ үзсэний эцэст хүссэн сэнтийдээ морилохдоо 1015975.90 төгрөгийн орлоготой байжээ. Гэтэл дараа жил нь 20377.90, 2017 онд 24463.27 төгрөг болсон хэмээн мэдүүлсэн байх юм. Үүнээс харвал УИХ-ын гишүүний сэнтий түүнд зохисонгүй. Өдрийн хоолоо ч умартан ажиллаж байхад халаасан дахь хөрөнгө нь дундарч байгаагаас үзвэл халдашгүй дархан эрхээ тайлаад хаячихмаар харагдана.

Ганц түүнийх гэлтгүй гэр бүлийн орлого нь ч огцом уруудсан үзүүлэлттэй. Тухайлбал, 2015 онд жилийн 1224821.60 төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 60000.00, 2017 онд 36000.00 болтлоо хэд дахин багассан байна. Тэрбумаар хэмжигдэх орлого нь талаас доош ортлоо доройтсон нь хачирхалтай юм шүү.

Хөрөнгө орлогын мэдүүлгийнх нь ганц гайгүй гялтайх зүйл нь нэг орон сууцтай байсан тэрбээр хоёр болж нэмэгдүүлж. Мөн хөл дүүжлэх унаагүй байсан тэрбээр өдгөө 280 сая төгрөгийн өртөг бүхий “Mercedes Benz,S500” маркийн автомашинтай. 430 сая төгрөгийн үнэт зүйлтэй, 26 компанийн эзэн. Групп болтлоо өргөжсөн компаниудад нь банк хүртэл бий. 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай гэх тус банк нь иргэдэд дуртайяа зээл өгч, урт хугацааны лизингэд хамруулах “дуртайгаараа“ алдартай. Ер нь тэр бизнест хүч үзэх дуртай. Ямар сайндаа өөрийн хөрөнгөөр банк хүртэл байгуулж байхав.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!