2021 он хүртэл татвараас чөлөөлнө

0
193

Агентлаг нэмэх шаардлага байна уу. Энэ асуултыг чуулганы хуралдааны үеэр гишүүд лавлаж байсан ч тодорхой хариулт авч чадсангүй. Эцэст нь Иргэний бүртгэлийн байгууллагаас Оюуны бүртгэлийн газрыг салгаж, бие даасан агентлаг болгох нь зүйтэй гэж үзсэн юм. Үе үеийн парламентын гишүүд хоёр байгууллагыг салгаж нийлүүлсээр ирсэн гэхэд хилсдэхгүй. Ямартаа л УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өмнө нь Улсын бүртгэл болон Оюуны өмчийн газрыг нийлүүлэх, салгах тохиолдлууд маш олон байсан. Ер нь бол энэ хоёр байгууллагыг тусад нь байлгах нь зөв” хэмээсэн юм.

Гол нь байгууллагыг салгаж, нийлүүлэх бүрт орон тоо болоод зардал мөнгөний асуудал үүсдэг. Энэ тухай гишүүн Д.Лүндээжанцан “Энэ асуудал гурван удаа хэлэлцэхэд зардал мөнгөний асуудал яригдсан” талаар тодруулсан юм. Ажлын хэсгийн зүгээс ямар нэг санхүүгийн зардал гарахгүй. Одоогийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулахгүйгээр агентлаг болгоход багахан хэмжээний зардал гарах ч түүнийг нь Хууль зүйн сайдын төсвөөс санхүүжүүлээд явах боломжтой гэсэн хариултыг өгсөн.

Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг 2016 онд нэгтгэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд  заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн хэмээн санаачлагчид нь тодорхойлоод байгаа. Улсын бүртгэлийн хяналтын алба нь улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Харин оюуны өмчийн улсын хяналт нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болон хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх замаар гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж. Юутай ч хоёр байгууллагыг салгаж, агентлагийн тоо нэгээр нэмэгдсэн юм.

Энэ өдрийн чуулганаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл байв. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд ногдуулсан гаалийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгох заалтыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусган зохицуулахаар холбогдох төслийг боловсруулжээ. НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр байхаар өөрчлөн найруулжээ. Энэхүү хуулийн төслийг баталснаар импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай модыг гаалийн албан татвараас, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай модыг НӨАТ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл чөлөөлөх юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!