АВТО ТЭЭВРИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГОО УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАДАГ

0
66

Улсын хэмжээнд зохиогдож буй автомашины үзлэг оношлогооны талаар иргэдэд мэдээлэл өгөхөөр Авто тээврийн үндэсний төв Баянзүрх техникийн хяналтын төвийн менежер Ө.Мөнхнастаас тодруулга авлаа.

Жолооч нар маань хэдийд үзлэг оношлогоонд орох ёстой вэ?

Зарим иргэд улсын дугаарын сүүлийн оронгийн цифрийн дагуу үзлэгт орох ёстой хэмээн автомашины татвар төлөх хугацаатай андуураад байгаа. Угтаа бол жолооч нар өмнөх онд хэдэн сарын хэдний өдөр орсон байна, энэ жил тэр өдрөөсөө л өмнө ороход болно. Өөрөөр хэлбэл, 2017 оны тавдугаар сарын 9-нд орсон бол 2018 оны энэ өдрөөс өмнө орно гэсэн үг. Хэрэв хугацаа хэтэрвэл Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 50 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно гэж заасан байна лээ.

Үзлэг оношлогоо хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

Автомашины үзлэг оношлогоо нь жилийн турш үргэлжилдэг. Бид бүтэн жилийн турш уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08:30- 20:30, амралтын өдрүүдэд 09:00-19:00 цаг хүртэл ажиллаж байна.

Танай төвөөр өдөрт хичнээн тээврийн хэрэгсэл үзлэгт орж байна?

Манайд бүх жин нь 3.5 тн-с бага жинтэй суудлын автомашин болон бага оврын ачааны машин орон нутаг, дүүрэг гэх мэт харьяалал харгалзахгүй оношлогоонд хамрагддаг. Тиймээс өдөрт дунжаар 290-350 машин ордог.

Үзлэгт орж байгаа машинуудад ямар зөрчил дутагдал ихэвчлэн гарч байна вэ?

Жолооч нарт ихэвлэн галын хор, эмийн сан зэрэг иж бүрдлүүд дутмаг байна. Мөн стандарт бус оврын гэрэл хэрэглэж байна. Дээрх зөрчилд бид торгох юмуу зориулалтын бус тоноглолыг нь хурааж авах эрх байдаггүй тул оношлогоонд тэнцүүлэхгүй, зөрчлөө арилгаад дахин ирж ор гэсэн шаардлага тавьдаг.

Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажил хийгдэж байгаа юу?

Тиймээ. Шөнийн цагаар гарч буй автозамын ослын дийлэнх хувь нь буруу рультэй тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанаас болон гарч байна гэж үзсэн. Тиймээс АТҮТ-өөс буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн H4 ламптай ойрын гэрлийн тусгалыг өөрчлөх ажил явагдаж байгаа. Жолооч нар оношлогоонд орохдоо л бэлдэцийн мөнгө болох 1650 төгрөгийг тушаан гэрлийн тохиргоогоо өөрчлүүлчихнэ.

Жолооч нарт хандаж юу хэлмээр байна?

Хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс тормос, тэнхлэг тохиргоо, явах эд ангийн үзлэг зэргийг сайтар хангаж байхыг зөвлөж байна. Кузовтээ хааш хаашаа 10см сэвтэй байхад л тухайн тээврийн хэрэгсэл үзлэгт тэнцэхгүй байдаг. Тиймээс иргэд өөрсдийн цаг заваа хэмнэн дээрх зөрчил дутагдлаа арилгаад ирвэл хялбар байх болно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!