Хотын намыг АН, МАН-аас алагчлалгүй дэмжлэг хүртдэг Д.Сумъяабазар тэргүүлэх үү?

0
329

Эрх баригч намын жижигрүүлсэн дарга хэн болох вэ. Шулуухан хэлэхэд, нийслэлийн МАН-ыг хэн базах вэ хэмээх уралдаан Тусгаар тогтнолын ордонд өрнөж байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан эл уралдаанд нэр дэвшиж доошоо орохгүй гэдгээ өчигдөр нүүр хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр “МАН-ын 28-р их хурлаас байгуулагдсан Бага хурлын гишүүд надад итгэл хүлээлгэж намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгосон. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энэ итгэлийг зүтгэлээр хариулахаар зорин ажиллаж байна. 2016 оны сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд МАН-аас явуулж буй үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавьж ажиллах нь Намын ерөнхий нарийн бичгийн даргын хийх гол ажил. Тодруулбал, миний үндсэн үүрэг. Мөн энэ цаг үед МАН-д бодлого, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. МАН-ын 28 дугаар их хурлаас сонгогдсон намын шинэ удирдлага “Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаар ажиллаж байгаа. Бид намынхаа бодлого боловсруулах чадварыг сайжруулах, гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар олон ажил эхлүүлээд ид явж байна. Энэ бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нь Ерөнхий нарийн бичгийн дарга миний гол үүрэг. Энэ үүрэг, хариуцлагаас зугатах бодол надад алга” хэмээсэн юм.

Ирэх сарын 7-нд болох эл сонгуульд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан ч өрсөлдөхгүй гэнэ. “Оюуны Ундраа”-гийн гэх тодотголтой С.Амарсайхантай холбоотой сайн гэхээсээ саар мэдээлэл дэндүү их. Улстөрчийнхөө хувьд ч уншууртай намтартай нэгэн биш. Өдгөө ИТХ-аа ч хуралдуулж чаддаггүй, газрын албатайгаа хутгалдаж, хуучин арга барилтайгаа зууралдсаар байгаа нэгэн. Зайсан толгойг зарж идсэн түүнд НИТХ-ын тамгыг атгуулсан нь ч өнөөдрийг хүртэл шүүмжлэл дагуулсаар байна. Иймээс түүнд эл сунгаанд өрсөлдөөд ч дэмжигч олдохгүй нь тодорхой.

Нийслэлийн ИТХ-ын суудлыг У.Хүрэлсүхийн дэмжлэгээр авч байсан шигээ Нийслэлийн намын хороог авах хүч өнөөдөр түүнд байхгүй. Тиймээс эртхэн нэрээ татсан нь дээр хэмээн бодсон бололтой юм. Харин УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар хэдийнэ “сурталчилгаа”-гаа эхлүүлчихсэн, их бага сунгаандаа бэлтгэж байгаа гэнэ. Ямартаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт дахиад нэг давхар дээлний хэрэг байна уу хэмээн улс төрийн хүрээнийхэн ёжилж байх вэ дээ. Гүйцэтгэх засаглалынхаа гал тогооны ахлагчтай үргэлж ам мурийж, Тавантолгойг булаалдах болсон тэрбээр хүний, өөрийн намын дэмжлэг, хүрээллээр эл суудалд тухалчихна хэмээн бодож яваа бололтой юм. Магадгүй ээ. Өнөөгийн албан тушаалаа авахад тийм ч төвөгтэй  байгаагүй тул нийслэлийн намын хороо ч сэтгэлд нь тодхон бууж байгаа биз. Үнэндээ Сонгинохайрхан дүүрэг жижигдэж, нийслэлийг тэр чигт нь базах сонирхол эр хүний доторх эмээл, хазаартай морь шиг л төсөөлөгддөг байлгүй. Уг нь хүн ам олонтой ганц дүүргээ гайхамшигтай сайхан болгодоггүй юм гэхэд хэрүүл талцалгүй болгочихоод нийслэлийн намын хороонд санаархсан бол аштай юу.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!