“Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэн Дархан-Уул аймагт боллоо

0
128

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ энэ сарын 7-13-нд тасралтгүй үргэлжилж байна. Уг арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймагт энэ сарын 8-9-нд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэнг БСШУСЯ, ХХААХҮЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын хурлын танхимд болсон форумд салбар яамны төлөөлөгчид, хот, хөдөөгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын төлөөлөл болсон 450 гаруй хүн оролцсон юм. Форумын үеэр хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, амжилт, биет бүтээгдэхүүн, үр дүнгүүдийн талаар илтгэл хэлэлцүүлсэн.

Мөн “Залуучууд театр”-ын танхимд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” үзэсгэлэн болж, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, цөм технологиийн болон инновацийн төслийн үр дүнд бий болсон биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулсан юм.

Ийнхүү орон нутгийн засаг захиргааны байгууллагыг бүс нутгийн онцлогтой уялдуулан шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн харилцаанд татан оролцуулснаар хөдөө аж ахуй, ялангуяа газар тариалангийн салбарт шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, энэ талаар санаачилга гаргаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!