ЭЛЧИН САЙДЫГ АМАРЧ БАЙХАД МОНГОЛ ХҮН ТА ҮХЭЖ БАЙСАН Ч ЗАЛГАХ ЭРХГҮЙ

0
96

Замын-Үүд Бээжин чиглэлийн Олон улсын зорчигч тээврийн автобус энэ сарын 4-нд Хятад улсын нутаг дэвсгэрт шатсан хэрэг гарсан. Автобусанд 36 монгол иргэн сууж явсан бөгөөд азаар хүний амь хохироогүй байна. Монгол иргэдийн зарим нь өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд тэдэнтэй уулзаж болсон хэргийн талаар тодрууллаа.

Тухайн үед юу болсон юм бэ?

Бид Замын-Үүдээс Бээжин орох Олон улсын зорчигч тээврийн автобусаар энэ сарын 4-ний өдөр үйлчлүүлсэн. Орой 22 цагийн үед Жанчхүүгийн даваа явах замд автобус маань хойд хэсгээсээ эхлэн шатсан. Орой болсон байсан тул бүх хүн унтаж байсан. Гэтэл манай нэг залуу утаа үнэртээд сэрж таарсан. Тэгээд л бусдыгаа сэрээж бид эсэн мэнд үлдэж чадлаа. Маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Автобус дэлбэрээд ердөө 20 орчим минутад шатаж дууссан. Галын машин ирж галыг бүрэн унтраасан даа.

Гал гарсныг автобусны жолооч мэдээгүй хэрэг үү?

Автобусыг хятад жолооч жолоодож байсан. Биднийг очиж утаа үнэртээд байна гэж хэлэхэд гайхаад хянах самбараа харан зүгээр байна гээд мэдэхгүй байсан. Тэгээд бид бүгд автобуснаас бууж дуусахад автобус дэлбэрсэн. Олон улсын зорчигч тээврийн автобус байж сэлгээний жолооч байхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, зорчигчдын аюулгүй байдлыг хангаагүй ийм автобусаар бидэнд үйлчилж байгаад харамсалтай байна. Биднийг  өөр автобусаар Бээжинд хүргэсэн. Тэр автобус нь хүртэл хагархай цонхтой, хаймар үнэртсэн их муухай. Үнэхээр монгол иргэдэд их хайхрамжгүй хандлаа.

Монгол Улсын элчин сайдын яамтай холбоо барьсан уу?

Тиймээ бид чинь хүний нутагт хамаг юмаа шатаалгаад, хэл ус ч мэдэхгүй хүмүүс байсан. Тэгээд хамт явж байсан хоёр оюутан охин Монгол Улсын Элчин сайдын яам руу ярьсан. Манай улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дамбын Ганхуяг гэдэг хүн байдаг гэсэн. Гэтэл тэд амралтын өдөр тул бид амарч байна. Наад автобус компанитайгаа өөрсдөө учраа ол гэсэн байгаа юм. Уг нь амралтын өдөр ч гэсэн нутаг нэгтнүүддээ туслах үүрэг тэдэнд баймаар. Яах гэж, юуны тулд улсын хөрөнгөөр тансаглаж байдаг хүмүүс юм бэ. Олон арван монгол иргэд хүний нутагт хэл усыг нь ч мэдэхгүй хамаг юмаа шатаалгачихаад үлдэж байхад манай улсын элчин сайдын яамнаас бидний эрүүл мэнд, биеийн байдалд санаа тавихгүй, хүний газар хаясанд гомдолтой байна.

Автобус компаниас та бүхэнд ямар тусламж үзүүлэв. Хохирлыг чинь барагдуулсан уу?

Автобус компаниас нэг эмэгтэй ирээд бидний хохирлыг хоёр хоногт барагдуулна гээд явсан. Гэсэн ч одоо болохоор даатгалын компанитайгаа ярьж байгаад нэг сарын дараа шийднэ гэнэ. Автобусанд Солонгос явах гэж байгаа хоёр хүн байсан. Тэд онгоцны тийз болон бэлэн мөнгөө шатаалгасан гэсэн. Шатсан автобусны компани биднийг өөр автобусаар Бээжинд хүргэж өгөөд зүгээр л автовокзал дээр хаяад явна лээ. Түүнээс өөр юу ч хийгээгүй. Хамаг юмаа шатаалгасан юу ч үгүй биднийг хүний нутагт яа гэж тэгж байгаан бүү мэд.

Монгол хүмүүс хүний нутагт хэнд ч тоогдохгүй хаягдаж хоцорсон талаар ГХЯ-аас тодруулга авах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй гэв. Мэдээлэл өгөх байтугай хэвлэлийн алба эзгүй байна гээд үүднээсээ оруулсангүй. Монгол Улсыг төлөөлж гадаадын улс орнуудад суух элчин сайд, консулууд хүний нутагт эрх нь зөрчигдөж, ядарч зүдэрч яваа иргэддээ иймэрхүү харгис, хүйтэн хандаж суух бол тэдэнд тэнд байх хэрэг юу байна.

Уг нь Элчин сайдтангууд тухайн улс оронд өөрийн улсаа төлөөлөн сууж, иргэдийнхээ болон улсын орныхоо эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, хоёр болон олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах үүрэгтэй дипломат зэрэг, цол бүхий албан тушаалтан юмсан. Гэтэл өнөөдөр БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дамбын Ганхуяг энэ үүргээ умартсан бололтой. Зовлон хэлж биш хийсч ирдэг гэдгийг эрхэм дипломат албаныхандаа хэлж өгөөч Д.Цогтбаатар сайд аа. Хэрэв тэр нэг залуу сэрж, бусдыгаа авраагүй бол өнөөдөр 36 халуун амь хүний нутагт эрстэх байж. Бичиг баримт, мөнгө төгрөггүй, өмссөн хувцастайгаа Бээжингийн гудманд хаягдсан монгол иргэдээ ядаж л яамныхаа хашаанд оруулаад хонуулчих сэтгэлгүй нөхөд Монголыг төлөөлж сууна гэдэг дэндүү увайгүй, дэндүү жигшмээр биш үү.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!