“Жишиг гудамж”-тай боллоо

0
81

Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хороо, Их тойруугийн гудамж Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгон тохижуулж байна. Өнгөрсөн намрын тохижилтын ажлын хүрээнд тус гудамжны баруун талд явган хүний зам,  том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага бүхий тохижилтын ажлыг хийсэн. Харин энэ жил зүлэгжүүлэлт хийх, ургамлан хашлага тарих, зүүн талаар 950м үргэлжлэх туслах замыг өргөтгөх, 150 автомашины зогсоол байгуулж авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, явган зам тавих ажлыг хийхээр төлөвлөжээ.

Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан тохижилтын ажлын трассд орсон 24 ТҮЦ, 1 объектыг буулган газар чөлөөлж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэх талаар ТҮЦ эзэмшигч иргэдэд удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч долоон ТҮЦ эзэмшигч иргэд төрийн байгууллагын зүгээс тавьж буй шаардлагыг биелүүлээгүй аж. Улмаар тохижилтын ажлын төлөвлөгөөт хугацааг 14 хоногоор зогсоогоод байсан тул түргэн үйлчилгээний цэгүүдийг энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн газрын алба, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран албадан нүүлгэж, тохижилтын ажлын трассыг чөлөөлснөөр авто замын хучилтын ажил бүрэн дуусчээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!